Wednesday, September 02, 2015

Хэн нотлох юм? буюу Монголын интернэт дэх цензур

Манайд хошин урлаг нэлээд алдартай, олон үзэгчтэй. Тэдний оролцоогүй кино, реклам гэж бараг байхгүй дээ. Өнгөрсөн өвөл ТВгээр гарсан X-TUTS (Икс-ТҮЦ) продакшны "Өвлийн инээмсэглэл" гээд дугаарт Аглуу, Бархүү нарын тоглосон "хэн нотлох юм, нотариатаар батлуулаад аваад ир" гэдэг үг их мода болов. Уншигч та эргэн санаад нэг инээд алдчихсан бол яг энэн шиг үйл явдал монголын онлайн ертөнцөд саяхан болсон талаар дуулгая:


2008 оны хямралаас хойш монголын эдийн засаг огцом эрчтэй сайжирсны үр нөлөө нь харилцаа холбооны салбарт мөн туссанаар үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж хүн амын тооноос давав. Мөн УБ хотын орон сууцтай айл бүр интернэт, IPTV гурвалсан үйлчилгээ авч хавтгай зурагттай болж, бараг хүн бүр ухаалаг утастай болж амжив. Мэдээллийн технологийн хурд ч улам бүр түргэсэн хүмүүсийн амьдралын хэвшлийг эрс өөрчлөх нь хурдан боллоо. Жишээ нь, Facebook-д бүртгэлтэй монголын хэрэглэгчдийн тоо байна.

Гэвч 2013 оноос үеэс ам доллар ханш чангаран, ЭЗ хямарч эхлэснээр айл өрх, компаниуд хэмнэлтийн горимд шилжиж тансаг хэрэглээг танаж эхлэснээр бага зэрэг саарав бололтой.

2011 онд нэвтэрч эхлэсэн Юнивишн, Скаймедиа буюу IPTV-тэй гурвалсан үйлчилгээ нь 2 жилийн дотор айл өрхийн хэрэглээ болж чадсан ба ТВ үзэх уламжлалыг ч өөрчилсөн. Залхтал давтах реклам дундаас кино нэвтрүүлгүүд арай гэж цухуйхыг хүлээх биш рекламуудыг гүйлгээд алгасаад үзчихнэ. Видео сангаас сонгоод кино, контент түрээслэчихнэ. Өөрөөр хэлбэл хүссэн үедээ, хүссэн үзвэрээ үзэх шинэ хэлбэр.

Энэ IPTV дэвшилтэт технологийн дараачийн үе болох OTT (Over the Top) TV буюу интернэтээр ТВ дамжуулах технологийн шинэ үе 2012 оны үеэс хүчээ авч, дэлхий нийтийн хэрэглээ болж эхлэв. Тодруулбал, зөвхөн дажгүй хурдтай интернэттэй л байвал IPTV шиг нөхөж үзэх, видео сангаас үзвэр түрээслэх зэрэгтэй адил үйлчилгээг айл өрх, хувь хүмүүс авч ашиглана гэсэн үг. IPTV нь OTT-гээс ялгаатай нь айлд очиж буй интернэт урсгалаас тусдаа хаяглалттай сүлжээгээр дамжиж хүрдэг.

Бидний бүтээж, хөгжүүлж буй OnAir.mn нь энэхүү OTT TV үйлчилгээг монгол инженер хөгжүүлэгчид өөрсдөө системээ бүтээж, туршиж, нэвтрүүлэхээр чармайж буй нэг оролдлого юм. Мөн өмнөх IPTV системд байхгүй дутагдал болох mobile tv буюу гар утас, таблет дээр үзэх, мөн PC/Web дээрээс үзэх боломжийг нөхөхөөр хичээж байгаа.
Хамгийн гол нь контент бүтээгч болон тэдний үзэгч хэрэглэгч нарын хооронд үүсээд байгаа мэдээллийн технологиос хамаарсан орон зай, хүндрэлийг шийдэж, тэдгээрийг холбож өгдөг гүүр болох зорилготой.

Ингээд үндсэн систем дээр нэлээд удаан ажилласны дараа 2015 оны 2 сараас эхлэн туршилтын байдлаар нээн хэрэглэгчдэд хүрч эхлэв. 4 сарын эхнээс Юнивишны интернэт хэрэглэгчид OnAir.mn руу орж үзэж чадахгүй болсныг хэрэглэгчдийн гомдолоос олж мэдэв. Тэднийхээс ямар нэгэн албан шаардлага болон мэдэгдэл юу ч өгөлгүйгээр, Google Cloud дээр байрладаг манай веб сервер болон National Data Center, GemNet дээр байрладаг streaming server-ээс хэрэглэгч рүү явж буй урсгалыг bandwidth shaping хийжээ.
Бид 5 сарын үед APNIC -ээс өөрсдийн IP address хаяглалтаа авч MIX (Mongolian Internet Exchange) switch руу 10Gbps хурдаар өөрсдөө холбогдон серверүүдээ зөөн авч ирэв. Юнивишнээс удалгүй л өнөөх серверүүдийн маань шинэ IP хаягуудыг дахин блоклож орхив. Хэрэглэгчид бухимдсаар.
ХХЗХ, ШӨХТГ, Юнивишн гэсэн хамаарах газруудад албан тоот явуулан мэдэгдэв. Нааш цааш бөөн бичиг цаас одоо хүртэл явсаар л, Юнивишн яг үнэндээ Юнител булзсаар л. Яг өнөөх Аглуугийн хошин шог шиг "танайхыг хаасан гэсэн нотолгоо хаана байна, хэн нотлох юм? ХХЗХ, ШӨХТГ-гээр зуруулаад нотариатаар батлуулаад аваад ир", Хэхэ.

OnAir.mn уг нь дөнгөж эхлэж буй шинэхэн газар, цөөхөн хэрэглэгчтэй startup буюу гарааны жижигхэн л компани. Одоогоор нэг ч төгрөгний орлогогүй гээд л бод :)
Гэхдээ өөрсдийн интернэт хэрэглэгчдийнхээ эрх ашигт бүдүүлгээр халдан байж манай үйлчилгээний серверийг блоклон бидний хөдөлмөрийг "өндрөөр үнэлж" байгаад нь бас талархууштай ч юм шиг.

Зүйрлэвэл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани нь шуудан хүргэлтийн газартай адил зарчимтай. Хэрэглэгч, айл өрхөд гэр албан хаягаар нь илгээмж, шууданг нь бүрэн бүтэн хурдан шуурхай хүргэж өгнө. Интернэт сүлжээгээр өгөгдөл дамжихдаа яг л ийм илгээмж шиг packet буюу хэнд очихоо хаягласан багцуудад хуваагдан дэлхий даяарх сүлжээний замчлагч (router) төхөөрөмжүүдээр дамждаг.
OnAir.mn -ыг Юнивишн блоклоно гэдэг нь илгээгч нь OnAir.mn-ээс гэж хаяглагдсан тухайн хэрэглэгч айл өрхөд очих бүх шууданг ялгагч хэсэг дээр хянаад устгаад байна гэсэн үг. Манайх шуудангаа Скаймедиа зэрэг бусад шуудан илгээгчээр дамжуулбал очих хүндээ хүрээд байдаг, Юнивишнээр өгөөд явуулбал замдаа устчихна, эсвэл ихэнхи нь саатаж байгаад хагас жилийн дараа л очино.

Энэ асуудал нь наанаа зах зээл дээр давамгайлагч компани өөрсдийн шинэхэн өрсөлдөгчөөс давуу байдлаа ашиглан зах зээлээ хамгаалж буй юм шиг харагдавч цаад учир нь өөр дүр зураг бууна.
Монгол улс ардчилал, хүний эрхийг дээдлэдэг нийгмийг бүтээх замыг сонгоод 25-26 жил боллоо. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй. Цаашлавал хүн бүр хуульд зөвшөөрөгдсөн арга замаар мэдээлэл, мэдээллийн үйлчилгээг сонгон хүртэх эрхтэй.
Гэвч хэрэглэгч Юнивишны интернэттэй бол ингэж чадахгүй!
Айл өрх, хэрэглэгчдэд хүрч буй дэд бүтэц нь тухайн интернэт үйлчилгээ үзүүлэгчийн өмч мөн боловч түүгээр дамжих мэдээллийн урсгалд хэрэглэгчийн эрх, шудрага өрсөлдөөний хэм хэмжээнээс давж цензур, шүүртүүр хийх нь ардчилсан нийгэмд байх үзэгдэл, эрүүл хандлага яавч биш.

Яг ийм асуудлаар Өмнөд Солонгост Samsung, KT-г шүүхдээд ялсан байдаг. Мөн Америкт net neutrality хууль дуулиан тарьж байгаа.

Саяхан Монгол улсын бүх DNS гарцыг ХХЗХ хяналтандаа авч, гадны public DNS хандалтыг хааж байхад цаад учир холбогдолыг мэдэх цөөн хэдэн IT мэргэжилтэнүүд дор бүрнээ дуугараад хэдэн нийтлэл бичсэн. Хэн ч ойлгоогүй, жижигхэн юм шиг тэр асуудлын цаана нь юу нуугдаж байсныг дараа нь үүсэн асуудлаар та бүхэн мэдэж байгаа. Adult, Amjilt.mn зэрэг сайтуудаас эхлээд юуг үзэж болох, юуг харахыг чинь цензурддэг болсон.
Саяхан мөн хулгайн контент байрлуулсан гэдэг шалтгаанаар оросын VK олон нийтийн веб хандалтыг хаасан.
Арга нь зорилгоо зөвтгөхгүй гэдэг дээ.

OnAir.mn амжилтанд хүрч болно, эсвэл чадахгүй дампуурч ч болно. Тэр чухал биш. Угаас гарааны бизнест цөөхөн хэдхэн нь л амжилтанд хүрдэг.
Хамгийн чухал нь монголын ардчилсан нийгэмд цэвэр шудрага хэм хэмжээ тогтоогүй, энэ хэвээр байгаа цагт бидний ирээдүй тун ойлгомжтой: Төв ази дахь африк.

Ер нь монголд шудрага ёсны хэм хэмжээ алдагдсан гэдгийг хэн нотлох юм?



цааш унших...

blogger templates | Make Money Online