Wednesday, September 02, 2015

Хэн нотлох юм? буюу Монголын интернэт дэх цензур

Манайд хошин урлаг нэлээд алдартай, олон үзэгчтэй. Тэдний оролцоогүй кино, реклам гэж бараг байхгүй дээ. Өнгөрсөн өвөл ТВгээр гарсан X-TUTS (Икс-ТҮЦ) продакшны "Өвлийн инээмсэглэл" гээд дугаарт Аглуу, Бархүү нарын тоглосон "хэн нотлох юм, нотариатаар батлуулаад аваад ир" гэдэг үг их мода болов. Уншигч та эргэн санаад нэг инээд алдчихсан бол яг энэн шиг үйл явдал монголын онлайн ертөнцөд саяхан болсон талаар дуулгая:


2008 оны хямралаас хойш монголын эдийн засаг огцом эрчтэй сайжирсны үр нөлөө нь харилцаа холбооны салбарт мөн туссанаар үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж хүн амын тооноос давав. Мөн УБ хотын орон сууцтай айл бүр интернэт, IPTV гурвалсан үйлчилгээ авч хавтгай зурагттай болж, бараг хүн бүр ухаалаг утастай болж амжив. Мэдээллийн технологийн хурд ч улам бүр түргэсэн хүмүүсийн амьдралын хэвшлийг эрс өөрчлөх нь хурдан боллоо. Жишээ нь, Facebook-д бүртгэлтэй монголын хэрэглэгчдийн тоо байна.

Гэвч 2013 оноос үеэс ам доллар ханш чангаран, ЭЗ хямарч эхлэснээр айл өрх, компаниуд хэмнэлтийн горимд шилжиж тансаг хэрэглээг танаж эхлэснээр бага зэрэг саарав бололтой.

2011 онд нэвтэрч эхлэсэн Юнивишн, Скаймедиа буюу IPTV-тэй гурвалсан үйлчилгээ нь 2 жилийн дотор айл өрхийн хэрэглээ болж чадсан ба ТВ үзэх уламжлалыг ч өөрчилсөн. Залхтал давтах реклам дундаас кино нэвтрүүлгүүд арай гэж цухуйхыг хүлээх биш рекламуудыг гүйлгээд алгасаад үзчихнэ. Видео сангаас сонгоод кино, контент түрээслэчихнэ. Өөрөөр хэлбэл хүссэн үедээ, хүссэн үзвэрээ үзэх шинэ хэлбэр.

Энэ IPTV дэвшилтэт технологийн дараачийн үе болох OTT (Over the Top) TV буюу интернэтээр ТВ дамжуулах технологийн шинэ үе 2012 оны үеэс хүчээ авч, дэлхий нийтийн хэрэглээ болж эхлэв. Тодруулбал, зөвхөн дажгүй хурдтай интернэттэй л байвал IPTV шиг нөхөж үзэх, видео сангаас үзвэр түрээслэх зэрэгтэй адил үйлчилгээг айл өрх, хувь хүмүүс авч ашиглана гэсэн үг. IPTV нь OTT-гээс ялгаатай нь айлд очиж буй интернэт урсгалаас тусдаа хаяглалттай сүлжээгээр дамжиж хүрдэг.

Бидний бүтээж, хөгжүүлж буй OnAir.mn нь энэхүү OTT TV үйлчилгээг монгол инженер хөгжүүлэгчид өөрсдөө системээ бүтээж, туршиж, нэвтрүүлэхээр чармайж буй нэг оролдлого юм. Мөн өмнөх IPTV системд байхгүй дутагдал болох mobile tv буюу гар утас, таблет дээр үзэх, мөн PC/Web дээрээс үзэх боломжийг нөхөхөөр хичээж байгаа.
Хамгийн гол нь контент бүтээгч болон тэдний үзэгч хэрэглэгч нарын хооронд үүсээд байгаа мэдээллийн технологиос хамаарсан орон зай, хүндрэлийг шийдэж, тэдгээрийг холбож өгдөг гүүр болох зорилготой.

Ингээд үндсэн систем дээр нэлээд удаан ажилласны дараа 2015 оны 2 сараас эхлэн туршилтын байдлаар нээн хэрэглэгчдэд хүрч эхлэв. 4 сарын эхнээс Юнивишны интернэт хэрэглэгчид OnAir.mn руу орж үзэж чадахгүй болсныг хэрэглэгчдийн гомдолоос олж мэдэв. Тэднийхээс ямар нэгэн албан шаардлага болон мэдэгдэл юу ч өгөлгүйгээр, Google Cloud дээр байрладаг манай веб сервер болон National Data Center, GemNet дээр байрладаг streaming server-ээс хэрэглэгч рүү явж буй урсгалыг bandwidth shaping хийжээ.
Бид 5 сарын үед APNIC -ээс өөрсдийн IP address хаяглалтаа авч MIX (Mongolian Internet Exchange) switch руу 10Gbps хурдаар өөрсдөө холбогдон серверүүдээ зөөн авч ирэв. Юнивишнээс удалгүй л өнөөх серверүүдийн маань шинэ IP хаягуудыг дахин блоклож орхив. Хэрэглэгчид бухимдсаар.
ХХЗХ, ШӨХТГ, Юнивишн гэсэн хамаарах газруудад албан тоот явуулан мэдэгдэв. Нааш цааш бөөн бичиг цаас одоо хүртэл явсаар л, Юнивишн яг үнэндээ Юнител булзсаар л. Яг өнөөх Аглуугийн хошин шог шиг "танайхыг хаасан гэсэн нотолгоо хаана байна, хэн нотлох юм? ХХЗХ, ШӨХТГ-гээр зуруулаад нотариатаар батлуулаад аваад ир", Хэхэ.

OnAir.mn уг нь дөнгөж эхлэж буй шинэхэн газар, цөөхөн хэрэглэгчтэй startup буюу гарааны жижигхэн л компани. Одоогоор нэг ч төгрөгний орлогогүй гээд л бод :)
Гэхдээ өөрсдийн интернэт хэрэглэгчдийнхээ эрх ашигт бүдүүлгээр халдан байж манай үйлчилгээний серверийг блоклон бидний хөдөлмөрийг "өндрөөр үнэлж" байгаад нь бас талархууштай ч юм шиг.

Зүйрлэвэл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани нь шуудан хүргэлтийн газартай адил зарчимтай. Хэрэглэгч, айл өрхөд гэр албан хаягаар нь илгээмж, шууданг нь бүрэн бүтэн хурдан шуурхай хүргэж өгнө. Интернэт сүлжээгээр өгөгдөл дамжихдаа яг л ийм илгээмж шиг packet буюу хэнд очихоо хаягласан багцуудад хуваагдан дэлхий даяарх сүлжээний замчлагч (router) төхөөрөмжүүдээр дамждаг.
OnAir.mn -ыг Юнивишн блоклоно гэдэг нь илгээгч нь OnAir.mn-ээс гэж хаяглагдсан тухайн хэрэглэгч айл өрхөд очих бүх шууданг ялгагч хэсэг дээр хянаад устгаад байна гэсэн үг. Манайх шуудангаа Скаймедиа зэрэг бусад шуудан илгээгчээр дамжуулбал очих хүндээ хүрээд байдаг, Юнивишнээр өгөөд явуулбал замдаа устчихна, эсвэл ихэнхи нь саатаж байгаад хагас жилийн дараа л очино.

Энэ асуудал нь наанаа зах зээл дээр давамгайлагч компани өөрсдийн шинэхэн өрсөлдөгчөөс давуу байдлаа ашиглан зах зээлээ хамгаалж буй юм шиг харагдавч цаад учир нь өөр дүр зураг бууна.
Монгол улс ардчилал, хүний эрхийг дээдлэдэг нийгмийг бүтээх замыг сонгоод 25-26 жил боллоо. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй. Цаашлавал хүн бүр хуульд зөвшөөрөгдсөн арга замаар мэдээлэл, мэдээллийн үйлчилгээг сонгон хүртэх эрхтэй.
Гэвч хэрэглэгч Юнивишны интернэттэй бол ингэж чадахгүй!
Айл өрх, хэрэглэгчдэд хүрч буй дэд бүтэц нь тухайн интернэт үйлчилгээ үзүүлэгчийн өмч мөн боловч түүгээр дамжих мэдээллийн урсгалд хэрэглэгчийн эрх, шудрага өрсөлдөөний хэм хэмжээнээс давж цензур, шүүртүүр хийх нь ардчилсан нийгэмд байх үзэгдэл, эрүүл хандлага яавч биш.

Яг ийм асуудлаар Өмнөд Солонгост Samsung, KT-г шүүхдээд ялсан байдаг. Мөн Америкт net neutrality хууль дуулиан тарьж байгаа.

Саяхан Монгол улсын бүх DNS гарцыг ХХЗХ хяналтандаа авч, гадны public DNS хандалтыг хааж байхад цаад учир холбогдолыг мэдэх цөөн хэдэн IT мэргэжилтэнүүд дор бүрнээ дуугараад хэдэн нийтлэл бичсэн. Хэн ч ойлгоогүй, жижигхэн юм шиг тэр асуудлын цаана нь юу нуугдаж байсныг дараа нь үүсэн асуудлаар та бүхэн мэдэж байгаа. Adult, Amjilt.mn зэрэг сайтуудаас эхлээд юуг үзэж болох, юуг харахыг чинь цензурддэг болсон.
Саяхан мөн хулгайн контент байрлуулсан гэдэг шалтгаанаар оросын VK олон нийтийн веб хандалтыг хаасан.
Арга нь зорилгоо зөвтгөхгүй гэдэг дээ.

OnAir.mn амжилтанд хүрч болно, эсвэл чадахгүй дампуурч ч болно. Тэр чухал биш. Угаас гарааны бизнест цөөхөн хэдхэн нь л амжилтанд хүрдэг.
Хамгийн чухал нь монголын ардчилсан нийгэмд цэвэр шудрага хэм хэмжээ тогтоогүй, энэ хэвээр байгаа цагт бидний ирээдүй тун ойлгомжтой: Төв ази дахь африк.

Ер нь монголд шудрага ёсны хэм хэмжээ алдагдсан гэдгийг хэн нотлох юм?



цааш унших...

Monday, November 15, 2010

Цаг нь болжээ, гарахаар шийдэв

Удаан хугацаанд эргэцүүлсний үндсэн дээр ийм шийдэлд хүрэв. Цаг нь ч аль хэдийнэ болж.
Би гэдэг хүн анх 2000 онд МТ салбарт хөл тавьж орсноос хойш бараг 10 жилийн турш энэ мэргэжилдээ үнэнчээр монголдоо ажиллав, зүтгэв. Ингэхдээ зун 1 сар бүтэн амралт авч байснаа санахгүй юм. Сүүлийн 2, 3 жилүүдэд л наадам, цагаан сараар гэртээ өнгөрүүлсэн болохоос өмнө нь бол ажлын шаардлагаар баярын өдрүүдэд бүүр их ачаалал, хариуцлагатай ажиллах хэрэгтэй болдог байв.
Нэг төслөөс нөгөө төсөл, нэг ажлаас нөгөө ажил руу завгүй л ажиллаж байтал бараг 10 жил өнгөрчихөж. Янз янзийн л төрлийн төсөл, программ дээр ажиллаж үзэв. Гэхдээ бүгд 100% хүч чадлаа шавхсан ажил байсангүй. Халтуурны мөнгө олох төсөл ч байлаа, хоббигоороо үнэ хөлсгүй хийсэн ч төсөл байлаа, томоохон хэмжээний үнэтэй өртөгтэй төсөл ч байсан. Хэдэн жил хөдөлмөрлөсний эцэст саяхан л өөрийн гэсэн байр савтай болж авав. Энэ бүгдээ өөрийн хүч хөдөлмөр, оюунаа үнэлүүлж олсон юм шүү. Түүнээс тендер булхай хийж өч төчнөөнөөр нь бохир мөнгө хийсэнгүй.

Монголын нийгэмд амьдрах хэцүү л гэдэг, хэцүү бүгдийг туулсаар, давсаар л ирсэн, гэхдээ одоо хангалттай, гарах минь. Өөрийн хувиа бодохоос илүү 2 настай охиныхоо ирээдүйн төлөө арай "цэвэр ардчилалтай", хийж чаддаг ажиллаж чаддгийг нь илүү үнэлдэг газарт ажиллаж, амьдарч үзэе дээ.  Монголын хөгжилөө боомилсон, буруу нийгэмд амьдрахаас ч бас залхаж байна гэх үү дээ. Энхбат гишүүн энд нэгхэн жишээ дурдсан байгаа. Санакае гээд блогчин ч энд бичсэн байсан даа. Эртхэн гарч яваагүйдээ одоо харамсах юм. Гэхдээ бас ч оройтоогүй байна.

Хэд хэдэн газарт ажиллахдаа дандаа сайхан хамт олон дунд байж, сайн найз нөхөдтэй олонтой боллоо. Түрүүчээсээ дарга даамал болоод ч эхэлчихэж. Гэхдээ хамгийн гол нь гадагшаа гарч ажиллах болсон шалтгаан маань үнэхээр энэ мэргэжлийг сонгож авсны үр шимийг үзэж, хамаг оюун бололцоогоо туйлд нь хүртэл шавхаж, хийсэн дуусгасан төслөөсөө баяр баясгалан харая гэвэл МТг жинхэнэ үйлдвэрлэж байгаа газарт нь очих хэрэгтэй гэж бодсоных. Өөрөөр хэлбэл, машинаар бол моторын эргэлтээ туйлд нь хүртэл давхимаар санагдсных.

Одоо юуны түрүүнд гадаад хэлний чадавхиа сайжируулах, мэргэшлийн зэрэг бүхий сертификатын шалгалт өгөх, тэр болтол freelancer маягаар ажиллаж л байх шив дээ.
Надаар, нэг программист залуугаар монгол дутахгүй л биз ээ.
Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг байх аа? Гарч дэлхий МТ хөгжил дунд хөл нийлүүлэн алхахаар шийдлээ гэж...
Харин хаашаа вэ? АНУ, Австрали, Япон, Солонгос? Аль нь дээр вэ?


цааш унших...

Wednesday, November 03, 2010

Twitter гэж юу вэ? Ямар хэрэгтэй вэ?


Хаа сайгүй ийм зураг, twitter гэсэн үгтэй таарч байна уу, сүүлийн үед хүмүүс жиргэх, твитрдээд гэж яриад байгаа биз?

Твитр буюу жиргээ нь хүмүүс хоорондийн мэдээллийн харилцааны нэгэн шинэ хэлбэр, хэрэгсэл болоод эхлэчихсэн ба маш эрчимтэйгээр олныг хамарч, хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй social media website (олон нийтийн вебсайт) юм.

140 тэмдэгтэд багтаан мэдээллийг түгээх энэ хэлбэрийг бичил блог буюу microblog гэж нэрлэх болсон. Тэгээд юугаар илүү юм  гэж үү, тайлбарлахын тулд интернэт мэдээллийн харилцааны хэлбэрийн үүх түүхийг жоохон сөхөөдөхье.

Email (Yahoo, Hotmail, Gmail):
Интернэттэй анх танилцсан хэн бүхэн цахим шуудангийн хаяг нээж эхэлцгээгээд зайнаас харилцаж эхэлцгээсэн. Гэхдээ нөгөө хүн огт бичихгүй таг болчихвол яах ч арга байхгүй, мөн шууд харилцаа үүсгэж чаддагүй талтай. Гэхдээ одоо ч энэ имэйл идэвхтэйгээр хэрэглэгддэг боловч гол төлөв албан хэргийн шугмаар харилцахад ашиглаж байгаа, учир нь ирсэн, илгээсэн бүх имэйл архив үүсгэдэг тул сүүлд эргэн сөхөж харахад маш тохиромжтой байдаг.

Chat, IRC chat:
90 оны эхэн болон дунд үед ихээхэн дэлгэрч байсан чат буюу чалчих хэрэгсэл нь channel буюу тодорхой нэр, бүлгээр төрөлжсөн нийтийн сувгууд руу хүмүүс нэвтрэн орж бүгдэд ил public болон хувийн private хэлбэрээр текстээр чалчдаг байсан хэлбэр. Алдарт mIRC болон Ганболд (g0mb0) ахын хийсэн java applet бүхий monstudnet.mn санаж байна уу. Хэхэ, тухайн үедээ л мода болж байв. Зүйрлэвэл том зааланд (public chat room) баахан хүмүүс орж гаран ам булаалдан ярина. VIP өрөөнүүдэд (private chat room) зарим нь хувийн яриа өрнүүлнэ. Админ гээд цагдаа маягийн нөхдүүд (admin, operator) дүрэм журам зөрчсөн хүмүүсийг хөөж гаргана (kick, ban). Чатаас найз нөхөдтэй болдог байсан ч nickname сольчиход л түүнийг олохгүй ба урт удаан хугацааны харилцаа үүсгэх талаар тааруу байжээ.

Forum (Asuult Forum):
Хэлэлцүүлэг гэж оновчтой монгол нэртэй болсон энэ хэлбэр нь сэдэв сэдэвээр олон нийтийн хэлэлцүүлэг, чат, блог, мэдээ, зураг, линк, файл гэх мэт бүхий л мэдээллийн хэлбэрээр хүмүүс харилцах шинэ хэлбэр болсон. Өмнөх хэлэлцүүлэгүүд архив үүсгэн явах нь давуу тал мэт боловч тэдгээр нь хэт их болоод ирэхээр хэрэгцээт мэдээллийг олж авах, хооронд нь эрэмбэлэхэд түвэгтэй болж ирсэн. Гэхдээ өнөө хэр идэвхтэй ашиглагдаж буй харилцааны хэлбэр байсаар л.

Messenger (Yahoo Messenger, Google Talk):
2000 оны эхэн үеэс гарч ирсэн илүү дэвшилтэт хэлбэр. Учир нь имэйл хаяг дээр тулгуурлан найз нөхдийн холбоог үүсгэх болох ба энэ нь урт удаан буюу үл тасрах шууд харилцааг үүсгэн чадсан нь одоо ч хэрэглээнээс гараагүйгээс илт. Харин ч телефон буюу voice call, сүүлийн үед дүрст дуудлага буюу video call/conference хийх зэрэг улам бүр сайжиран тэлж байгаа. Гэхдээ зөвхөн найз нөхдийн хүрээнд харилцааг үүсгэдэг нь жиргээ гарч ирснээр сул тал болж хувирч байх шив дээ.

User Groups (Yahoo Group, Google Group)
Ажиглаад байхад харилцааны хэлбэр илүү л community буюу харилцааг илүү ойртуулах, хялбаршуулах тал руу л хөгжиж ирж. Имэйл дээр тулгуурлан тодорхой нэгэн ашиг сонирхол, үзэл бодол адил хүмүүс тухайн ашиг сонирхолын хүрээнд харилцаа үүсгэж эхлэсэн. Жишээ нь марк цуглуулагчид, автомашин сонирхогчид, линукс хэрэглэгчид гэх мэт. Имэйлээр харилцаа явагдах бөгөөд түүнд бүлгийн хэрэглэгчид мөн имэйлээр хариулдаг, гэхдээ бүгдэд уг мэдээлэл мөн имэйлээр очдог. Одоо ч бас идэвхтэй хэрэглэж байгаа хэлбэр. Үүнтэй адил news group гэж интернэт анх үүсч байхад харилцааны хэлбэр байсныг санаж байна уу? comp.os.linux гэж Линукс мэдээний бүлэг байсан шүү дээ.

Social Media (hi5, facebook, ...)
Web 2.0 гарч ирсэн, үүнтэй зэрэгцэн илүү дэвшилтэт одоогийн олон нийтийн вебүүд ар араасаа гарч ирцгээсэн. Найз нөхдийн хүрээ үүсгэхийн хажуугаар өөрийн профайл буюу имиджээ илүү тодотгож тухайн хэрэглэгч нүүр хуудасаа чимж өгөх боломжтой болж эхлэсэн. Хуудасны дизайн, дуу, фото зураг, нийтлэл, линк гэх мэт зүйлсээр өөрийгөө тодорхойлж мөн тэдгээрийг найз нөхөддөө хялбар хуваалцдаг нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд яв цав нийсэн, илүү орчин үеийн хэрэглээ болж эхлэсэн. Тухайн найзын, хүний профайл хуудас руу орсноор түүний тухай мэдээллийг хялбархнаар олж чадна.

Web log, Blog (Blogger, Wordpress)
Мөн Web 2.0 интернэт хэрэглээ, хандлагад олон дэвшил авчирсны нэг нь веб тэмдэглэл юм. Энэ тухай ихэнхи хэрэглэгчид мэдэх болов уу. Товчхон дурдахад, мэдээллийг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчид түгээх нь учир дутагдалтай ба тэр дундаа нарийн мэргэжлийн мэдээллийг зөвхөн тухайн мэргэжлийн хүн илүү илэрхийлж олон нийтэд хүргэж чадна. Мөн иргэний сэтгүүлзүй гэдэг ухагдахуун хүчтэй гарч ирсэн шүү дээ. Иргэн бүр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгийг харуулж чадсан, интернэт бол мэдээллийг дамжуулах томоохон суваг болж эхэлсэн. Ерөнхийдөө блог гэхээр мэдээлэл тэмдэглэл, ер нь л цахим нийтлэл гэсэн дүр зураг бууна.

Microblog, Twitter (Жиргээ)
140 тэмдэгтээс тогтсон бичил блог. Үүнд багтааж мэдээ мэдээлэл түгээх, найзууд хоорондоо чалчих, тодорхой сэдвийн дагуу маргалдах мэтгэлцэх, олны танил алдартнууд фэнүүд дэмжигчидтэйгээ шууд харилцах, маркетинг хийх гэх мэт олон л хэлбэрээр харилцах болсон шинэ харилцааны төрөл загвар юм. Миний ойлгож байгаагаар бол жиргээ нь дэлхийн сая сая хүмүүс хоорондоо ярьж буй ертөнц юм шиг. Ямар зүйл ярьж, түгээж буйгаар нь хайгаад харахаар irc public chat ч юм шиг. Зөвхөн follow хийсэн хүмүүсээс жиргээг харж буйг нь харахаар messenger ч юм шиг. Намайг дагасан хүмүүс руу жиргэж буйгаа харахаар зар түгээх messenger/broadcast to group/ ч юм шиг. Нөгөө Хүрлээгийн эргэлзээ гэдэг шиг юм болох гээд байна уу, хаха. Гэхдээ л жиргээ бол миний хувьд хүмүүстэй ийм төрлийн харилцаа үүсгэхэд илүү их ашиглаж байна. Жиргээгийн хамгийн гол онцлог нь хуваалцаж, түгээж буй мэдээлэл нь "яг одоо юу болж байна вэ" гэдэг хариулдагт байгаад байна. Тэгээд товчхон, гүйлгэж хараад хэрэгтэйг цааш үзнэ, хэрэггүй нь хаячихна. Жиргээ гэж нэг иймэрхүү, харин цаашдаа ямар харилцааны шинэ хэлбэр, төрөл гарч ирэх бол ...


цааш унших...

Wednesday, October 27, 2010

Монголд Мэдээллийн Технологи хөгжиж байна уу?

Та энэ салбарт ажилладаг, энэ салбарыг сонирхдог бол өөрөө асууж үзсэн үү? Хариулт нь юу гэж гарч байх юм? Жоохон бодоод үзье...


А. Хурдацтай хөгжиж байна - (Хэрэглээ талаас). 
Жишээ нь гэвэл дэлхийд гарсан бүх технологи удалгүй л монголд орж ирээд байгаа биз дээ. iPhone, iPhod, Android mobile phone, iCore 5, 7 cpu бүхий компьютерүүд гээд л эргэн тойрноо хар л даа гэж үү.
Би тэгж бодохгүй байна. Энэ бол хөгжил биш, зүгээр л хэрэглээ... Бид үйлдвэрлэгчид биш учраас ямар нэгэн шинэ технологи, техникийн тэргүүнд явдаггүй. Зүгээр л авч хэрэглэдэг. Тиймээс бид сайн хэрэглэгчид, жижигхэн ч гэсэн боломжийн зах зээл байх.
Дүгнэлт: Бид ихэнхдээ дандаа гадны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэдэг. Бид зүгээр л хэрэглэгчид байх нь. Бүх нийтийг компьютержүүлж, интернэтжүүлэх ЗГ аян ч нөлөөлсөн.

Б. Боломжийн хөгжиж байна - (Үйлдвэрлэл талаас).
Жишээ нь гэвэл өөрсдөө зарим нэгэн програм хангамж үйлдвэрлэчихэж байна. Техник үйлдвэрлэл гэвэл Мигма MGM брэнд, саяны MCS Mogul брэнд гээд угсраад л эхлэчихлээ, цаашдаа бүүр үйлдвэрлэдэг болно ш дээ гэж үү.
Би бас л тэгж бодохгүй байна. Энэ бол хөгжил биш ээ, надад хангалттай санагдахгүй байна. Программ хангамжийн хувьд бид цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Дурдвал янзан бүрийн вебсайт, вебпорталууд дээр нь жижиг болон дунд хэмжээний санхүү бүртгэл тооцооний програм хангамж хийдэг гэхэд хэлсдэхгүй болов уу. Компьютерийн брэндүүдийн хувьд монголчуудын хэрэглээнд бага зэрэг ойртуулсан (крилл үсэг наасан товчлуур бүхий гар, монгол нэр бүхий брэнд өөр бас бүх жижиг сажиг зүйлс) дизайн, хайрцаг бүхий бэлэн бэлдэцүүд авчраад эндээ угсарчихдаг байхаа?
Дүгнэлт: Үйлдвэрлэл хангалттай хэмжээнд хөгжөөгүй. Дөнгөж л эхлэл шатандаа явж байна. Эсвэл үйлдвэрлэл нь гарч ирээд л удалгүй дампуурдаг байж ч магадгүй.

В. Хөгжиж чадахгүй байна - (Цогцоороо).
Үнэхээр тийм. Оюуны үйлдвэрлэл буюу Мэдээллийн Технологийн салбар үндсэндээ үнсэнд хаягдсан юу билээ тэрэн шиг байгаа. Жишээ дурдая. Монголын энэ салбарт тэргүүлэгч, ашиг орлого өндөртэй компаниудийг харая: Мобиком, Юнител, Скайтел тэргүүтэй үүрэн телефон операторууд, MCS, SAIN Computers, Migma, бла бла гээд электрон бараа импортлогч нар, программ хангамжийн салбарт GrapeCity, Interactive, Infosystems гэх мэт банк, санхүү бүртгэлийн хэдэн компани, араас нь хэдэн банкууд орно. Учир нь өнөө үед мэдээллийн технологиос ангид байж амжилттай үйл ажиллагаа явуулна гэж санасны гарз учраас банкууд энэ чиглэлдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, хийхээс ч өөр аргагүй. Салбар бүрийг онлайн vpn сүлжээнд холбох, банкны үндсэн систем бүхий прог. хангамж, теллер бүрийн ард харагдах ip cctv camera, дохиолол хамгаалалтийн систем, төрөл бүрийн мэдээллийн систем бүхий datacenter эдэрээс авахуулаад дугаар олгогч автомат машин хүртэл орно шүү дээ. За өөр салбар юу билээ, аан тийм. ТВ, радио гэх мэт мэдээллийн хэрэгсэл. Далайцаараа Сансар КаТВ, MNBC утасгүй КаТВ томдоо орох биз, араас нь хэдэн broadcast ТВ сувгууд, MNB, TV9, TV5, UBS, C1 гэх мэтчилэн мэдээллийн технологи салбарт багтана л даа, зарим нэгэн техник технологи талаасаа (streaming, CG, Video Editing). Тэгээд араас нь Интернэт үйлчилгээний компаниуд (ISP) орно доо, Mobinet, MCSCom, Skynetworks, Citinet, blabla... 
Эдгээрээс гадна тэгээд бас бус салбар, хэдэн компаниуд байгаа, тэр бүрийг тоочиж яахав.
Эд бүгд техник технологио гаднаас импортоор авдаг, тэгэхээс ч яахав Монголд үйлдвэрлэдэггүй юм чинь. Програм хангамж болон бусад дагалдах хэрэгсэл зэрэг зүйлсээ яадаг бол? Бүгд гаднаас авдаг, ихэнхийг нь хулгайн хуулбар буюу cracked software ашигладаг бол цөөхөн хэдийнх лицензийг худалдаж авна, зарим нэгэн програм хангамжийг нь монгол компаниуд хийсэн (Bancs, Pyramid, MAX ...), тэгээд үлдсэн нь нээлттэй эхийн програм ашигладаг. Энэ талаар нарийн судалгаа хийгдсэн эсэхийг бүү мэд, би лав олж сонсоогүй. Манай оюутанууд, их сургуулиуд хийгээгүй байх.

Дүгнэлт:
Цогцоор нь авч үзэхээр маш хангалттгүй гэдэг нь илэрхий биз ээ. 
Сургалт, сургалтын түвшин
10 жил болон их дээд сургуулиуд ямархуу байгаа билээ? Угаас монголын өнөөгийн сургалтын системийг тэр чигээр нь өөрчлөхгүйгээр сайн мэргэжилтэн гаргаж авна гэхэд тун бэрх гэдгийг хэн бүгд мэдэж байгаа байх. Сургалтын агуулга, чанар, ном сурах бичиг, компьютери лаборатори хүрэлцээ, номын сан, багш нарын чадавхи гээд өөрчлөх, сайжруулах зүйлс олон. Маш олон тооны дипломтай ажилгүйчүүд бэлдснээс өндөр чанартай, өндөр төлбөртэй, чанартай сургалтын систем бүхий тогтолцоо үгүйлэгдсээр л байгаа. Тийм болохоор энэ чиглэлээр гадаадад сурдаг залуус их олон байдаг биз.

Мэргэжлийн сургалт, зэрэглэл
Мэдээллийн Технологийн салбар гэхээр дотроо маш олон хуваагдана, олон ч мэргэжил бий. Мэргэжил болон технологи бүр шалгалт авч тогтоодог сертификати, зэрэглэлтэй. Microsoft System Engineer, Microsoft Software Developer, RedHat Certified System Engineer, Sun Certified Java Developer гэх мэт сургалтууд манайд байдаггүй. Эдгээрт бэлдэе гэвэл хар толгойдоо найдаад өөрөө л суухаас өөр замгүй. Харин зарим нэг шалгалтыг авдаг 2-3 газар бий (КТМС дээр Сиско, ISC Mongolia дээр MS certification/Cisco гэх мэт). Ийм мэргэжлийн зэргийг ажил олгогч нар ч шаарддаггүй, монголчууд ч сууя гэж нэг их боддоггүй байх.

Боловсон хүчин
Мэдээллийн технологи холбогдоогүй зүйл амьдрал, хэрэглээнд улам бүр хомсдож байгаа үед энэ салбар улам бүр тэлж буй болохоор мэргэжилтэнүүдийн хэрэглээ ч ихэснэ. Зарим нэг чиглэлээр ажиллах боловсон хүчнийг заавал 4-5 жил суулгах албагүй гэдгийг APTECH, USI гэх мэт сургалтын төвүүд бэлээхэн жишээ байна. Хамгийн бага зардал, хугацаанд сайн, чадварлаг мэргэжилтэн бий болгон ашиглаж, энэ салбарт оюуны бүтээн байгуулалт хийх хэрэгтэй болохоос жилийн сая төгрөгийг нь аваад эрээн цаас хэвлэж өгдөг одоогийн дээд боловсролын систем бол шудрага хэлэхэд төрийн нэг бизнес. Түүнээс төрөн гарч буй мэргэжилтэнүүд шууд ажлын байранд гарч тэнцэхгүй, дахин сургаж, дадлагажуулж байж сая ажиллах боломжтой болно. Эсвэл өнөөгийн оюутанууд сул боловсролын системдээ дассан залхуу, хөдөлмөрлөх дургүй, сурах эрмэлзэлгүй байдаг ч талтай биз. Гэхдээ цөөн тооны гоц, чадварлаг оюутанууд мэдээж бий, тэд нь төгсөхөөсөө өмнө ажлын байртай болчихно, диплом авах ч хэрэггүй. :)

Техник, технологи үйлдвэрлэл
Энэ талаар ярихаар бол их өргөн хүрээ хамарсан зүйл болно. Гэхдээ зөвхөн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг сектороор нь харахыг хичээе. Төрийн байгууллагууд, томоохон бизнесийн байгууллагууд, outsourcing offshore, нийт хэрэглэгчид жижиг байгууллагууд гэж хуваая.

а. Төрийн байгууллагууд. Энд маш их хийж, бүтээн байгуулах ажил бий. За тоочоод байя. Нэгдсэн нэг мэдээллийн сан үүсгэх, төрийн үйлчилгээ авах гээд нэг газар очоорой. Өмнөөс чинь иргэний үнэмлэхийн хуулбар, хороо хорины тодорхойлолт есөн жорын бичиг баримт нэхэх болно. Уул нь монгол улсд 1 л төр, 1 л ЗГ байгаа. Уул нь зөвхөн регистрийн дугаараа хэлэхэд таны талаарх бүхий л мэдээлэлийг төрийн аль ч байгууллага өөрсдийн хандах түвшиндээ таны мэдээллийг харах боломжтой байх ёстой ш дээ. Цагдаагийн хэсэг дээр таны гэмт хэрэгтэй холбогдолтой хэсэг, нийгмийн халамж дээр талын ажил, татвар, даатгал гэх мэт. Дээр нь та энэ хариултыг сонсох гэж зарим нэгтэй нь түлхэлцэж, хэрэлдэж, шахалцан байж орно. Тэгээд нөгөө бичиг баримтаа бүрдүүлэхээр хотын нөгөө захыг зорино. Зам гэж нил түгжрэл байгаа биз. Хот бүрт зам, хөдөлгөөний соёл гэж бий. Замын хөдөлгөөний дүрэм цусаар бичигддэг гэж үг байдаг байхаа? Замын Цагдаа, хотын тээвэр зохицуулалт руу орох гэж байна л даа. Учир нь бид бүгдийн амьдралд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс учраас. Хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хариуцлага болон энэ гэрлэн дохионы хөлдүү зохицуулалт юуны түрүүнд шинэчлэх шаардлагатай. Уулзвар гудамж бүр камер хяналт бүхий ухаалаг системтэй, дүрэм зөрчсөн жолоочтой бүрэн хариуцлага тооцож чаддаг байвал хүний амь эрсдэх, эд хөрөнгөөр хохирох за бүүр наандаж хөдөлгөөний дэг журмандаа орчихвол хотын амьдралд их өөрчлөлт авчирна. Тэгвэл энэ бүгд яагаад хийгдэхгүй байгаа юм бол? Энд авилга хээл хахууль бүхий тогтолцоо болон монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй нь гол саад тотгор нь юм. Маш том том төслүүд хэрэгждэг боловч 1т төслийн ихэнхи төсөв авилгалчдийн халаасанд орно, 2 камер авчих мөнгөөр 1 камер авна гэх мэт. 2т үндэснийхээ мэдээллийн технологийн компаниар энэ бүх ажлыг хийлгэдэггүй, ихэнхдээ гадны компаниуд авч хийнэ, мөнгө гадагшаа л урсана.

б. Бизнесийн байгууллагууд. Мэдээллийн Технологиос оюуны бүтээн байгуулалт буюу монгол ПХ бүтээж тэрбумтан болсон хүн, байгууллага байна уу? Байхгүй байгааз? Ганц Ганболд захирал тэргүүтэй Интерактив ХХК? Энэ салбарт ~10 жил ажиллахдаа өөрийг сонссонгүй (Би мэдээлэл сонсоогүй байж магад) Яагаад байхгүй байгаа вэ? гэсэн асуулт өөрөө хэлээд өгөх биз. Жижиг компаниуд олноор байгууллагддаг ч зах зээлийн өрсөлдөөн дунд томорч чаддаггүй, мөн үндэсний компаниудад ПХ бүтээх тендер бараг олддоггүй, эсвэл ЗГ болон томоохон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа монгол ПХ бүтээлгэж хэрэглэдэггүй, дан гаднаас худалдаж авдаг, эсвэл хулгайн ПХ. Энд GrapeCity бүтээсэн Bancs банкны системийг 3-4 банк хэрэглээд бусад нь гадны ПХ ашигладаг. Гэвч Bancs өөрөө яг монголчууд өөрсдөө бүтээсэн ПХ мөн билүү? Үнэ нь ~1сая доллар гэсэн үү? Саяхан Хас банк гэхэд ~2 сая доллараар шинэ систем хийлгэсэн, дэд бүтэц (datacenter, datasystem) дээ ~5 сая доллар зарцуулсан гэсэн үү? Миний бодлоор ийм л байна. Монгол үндэсний IT компаниудыг дэмжих IT incubator гэж байдаг л даа. Үнэгүй интернэт, үнэгүй оффисын байр өөр бодитой дэмжлэг олж хараагүй л байна, үнэхээр дэмжихээр бол тултал дэмжих хэрэгтэй. Үнэгүй байранд байсан компаниуд төгсч гараад л бараг дампуурдаг.( Жижиг ч гэсэн өөрийн бүтээгдэхүүн, хэрэглэгчтэй болж амжаагүй бол ш дээ)

в. Outsourcing offshore. Хэд хэдэн компаниуд гаднаас ажил авч хийж үзсэн, гэхдээ одоо ихэнхи нь байхгүй. Newcom systems, USI japan, өөр хэд хэдэн компаниуд байх. Яг яагаад төсөл нь нурсныг нарийн хэлж мэдэхгүй юм, энэ талаар мэдээлэл олж сонссонгүй. Гэхдээ миний бодлоор ЗГ энэ салбарыг дэмждэггүй, тэдний толгойд Тавантолгой, Оюутолгой нар алсын хөх уулс шиг дуниартаж байгаагаас оюунлаг толгой нарын тухай мартсан сууж байгаа (ТВээр ярьж байгаа, ярилцлага өгч буй мэдээлэл дундаас хайгаад үзээрэй л дээ). Миний бодлоор монгол мэргэжилтнүүдэд тохирох ажлаа сонгож авч чадаагүй байж магад, төслөө зөв тооцоолж чадаагүй, чадварлаг мэргэжилтнүүдийг хангалттай авч ажиллуулж чадаагүй (сургалтын чанар муугаас банк болон бусад томоохон компаниуд чөөхөн чадварлаг хэдийг нь өндөр цалингаар татаад авчихдаг), шинэ төгсөгчдийн чадвар дутсан байх, мөн хамгийн гол нь санхүүгийн чадавхи сул байсан байж магадгүй юм. Түүнээс тохирох ажлаа авч хийхэд монголчууд бол оюунлаг толгойтнууд. Сурах, дасан зохицохдоо гаргууд, сэргэлэн улс.

г. Нийт хэрэглэгч, жижиг дунд бизнесийн байгууллага. За энэ салбар л одоо үндэсний IT компаниудын хоолоо олж иддэг гол зах зээл болов уу. Вебсайтыг нь жуумладна, вордпрессдэнэ, вебхост хийнэ, жижиг дунд хэмжээний янз бүрийн ПХ хийж гүйцэтгэнэ, элдэв варез сайт хийж утасных нь нэгжийг нь унагана, масс мэйл явуулна, янз бүрийн блог бичиж гүүглэ адсенсээс цөөхөн хэдэн доллар тогшино гээд эргэлт нь жижигхэн боловч цөөхөн ажилтнуудынхаа цалин, байр унаа гээд "хоёр идэхгүй хоосон хонохгүй" нь үлгэрээр явж байгаа. Мөн ихэнхи хэрэглэгчид дан гадны вебсайт, үйлчилгээг ашигладаг бөгөөд үндэсний хэмжээний вебсайт маш цөөн. Жишээ нь yahoo messenger, google, gmail, facebook, twitter, hi5 гэх мэт бүгд гадных. Social media сайтууд гэвэл biznetwork.mn, voodoo.mn гэх мэт цөөхөн хэдэн сайтууд тэсч үлдсэн нь удахгүй том хөрөнгө оруулагч бүхий facebook, twitter гэх мэт гигантуудад улам бүр зайгаа алдах магадлалтай (Бүүр алдана гээгүй шүү, мэдээж монгол хэл дээр, монгол орчин уур амьсгал өрнүүлж буйх оршин байсаар байна, санхүү болон бусад эрсдэл бол бий). Мэдээний сайтуудыг бол хассан шүү. Угаас bbc, cnn дээр монголын жижиг сажиг мэдээлэл монголоор тавигдаад эхлэвэл эд нар чад болох биз.
Нэг үгээр хэлбэл бид бүгдээрээ бэлэн сайхан зүйл хэрэглэдэг, өөрсдөө маш бага хийж бүтээдэг улс болж таарлаа.

Өнөөгийн хотжсон нийгэмд МТгүйгээр амьдрах аргагүй болж байна. Мэдээллийн Технологийг Барилга байгуулалт гэж бодвол УБ хотод байгуулагдаж буй бүх томоохон барилга байгууламжийг дандаа гадныхан ирж барьдаг болж таарлаа (Гаднаас бэлэн үнэтэй ПХ авчихдаг), доторхи сантехник цахилгаан гэх мэт бүхий л хэрэгслээ гаднаас импортлодог (компьютер техник, электрон бараа), боловч саяхнаас зарим нэг вакум цонхны үйлдвэр эдэртэй болж байгаа (MGG, Mogul гм) мөн бид дандаа гадны  дэлгүүр хоршоогоор үйлчлүүлдэг (yahoo, google, twitter, facebook гм), үлдсэн цөөхөн хэдэн ТҮЦ болон 1-2 давхар хаус зэргийг өөрсдөө барьдаг (жижиг санхүүгийн ПХ, жуумла, вордпресс, симпони вебсайт), Нарантуул шиг нэгжээр тооцоо хийдэг олон хар захтай (caak, xopom ... warez) гэсэн дүр зураг бууж байна даа.

Энийг бичсэн чи өөрөө хэн бэ гэж үү? Би ТҮЦ болон Хаус барьдаг олон инженерүүдийн нэг ээ :)

Бодит байдал ийм л байна. Дараагийн нийтлэлүүд дээр яаж энэ бүхнийг өөрчлөх, үүнд Нээлттэй Эх бүхий ПХ ашиглах ач холбогдол гээд үргэлжлүүлэе.


цааш унших...

Thursday, August 13, 2009

Ajaxmaa vs Goojuur: Хорыг хороор

Сүүлийн 2 өдөр энэ хоёрын тулаан Монголын кибер ертөнцөд шуугиан дэгдээж байнаа.

Гоожуур гэж ёс зүйгүй блогыг хэн нь мэдэгдэхгүй гар хөтөлж этгээд бүдүүлэг нь хирээс хэтэрсэн сайт байх, нэг хоёр орж үзэж л байсан. Тэндээс хүн аваад байхаар зүйл миний л хувьд байхгүй ч түүнийг нь орж сонирхож, дунд нь орж хэрэлдэж байдаг тодорхой тооны уншигчид байсан юм байж. Гол асуудал нь бүдүүлэг блогтоо биш нүцгэн, шалдан охид бүсгүйчүүдийн зургийг олж аваад гутаан доромжилдог зургийн галлерэй байж.

Миний хувийн бодлоор л Гоожуурын тэр галлерей арай дэндүү, бүүр арай дэндүү ёс журамаас гажсан байсан ба монгол охид, бүсгүйчүүдийг доромжлох том индэр байсныг хакдаж байна уу, яаж байна уу, хаасан нь бол зөв. Ажаксмаа аль асуулт самбарт байхаас гадарлах бөгөөд түүний үнэ төлбөргүйгээр монголын мэдээллийн системийн аюулгүй байдал, нууцлалт хамгаалалт ямархуу байгааг харуулж байсан ажиллагааг хувьдаа дэмждэг. Түүний ажиллагаанаас болж монголын IT тодорхой хэмжээнд нойрноос сэрсэн гэж боддог.
Цээжний пангаар элдэв худал үнэн зүйл ярьж, хүнийг гутаан доромжилж байсан ажиллагааг хууль бусаар хаасан нь харин Ажаксмаагийн алдаа гэж бодож байна. Гэхдээ тэр goojuur com доромжлолын индэрийг огт мэдэгдэлгүйгээр хакдаж устгаж болох байсан ч гоожуур шиг өөрийгөө нууж суудаг гар биш гэдгээ харуулсан.

Одоо байдал хэдийгээр Ажаксмаад муугаар эргэж буй мэт боловч ямар сайтыг вэ гэдгээр гайгүй өнгөрөх болов уу, тэгээд ч цагаан малгайт хакерууд том албан байгууллагад security expert болдог түүх олонтаа. Харин гоожуурыг тэдгээр нэр төрөө гутаалгасан хүмүүс гомдол гаргаж шүүхдэх дээрээ тулвал хэцүүдэх л болов уу. Хүнийг гутаан доромжлоод сайнаа үзэхгүй л лавтай.

Дээхнэ үед Пизда ком гэж Гоожуурын ах сайт байсан юм даг. Удахгүй Гоожуур ч дүүтэй болох биз.
Сүүлд нь хэлэхэд хорийг хороор дардаг гээд зүйр үг байдаг байхаа...

We support Ajaxmaa Group
Ajaxmaa Goojuurt


цааш унших...

blogger templates | Make Money Online