Thursday, November 24, 2016

Робот-гар ба "нинжа" гар

Сайн муу хоёр мэдээ байна, сайнаас нь эхлэдэг жишигтэй билүү?

Хог хаягдал ялгагч робот

Испани улсын саяхан байгуулагдсан компьютерийн хараа, хиймэл оюун ухаан, роботын технологи хөгжүүлдэг Садако Техноложис гарааны компани нь хиймэл оюун ухаан, компьютерийн харааны технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хог хаягдал ялган боловсруулах үйлдвэрийг автоматжуулж, бүтээмжийг нь сайжруулсан Wall-B робот-гар бүтээлээр “Дэлхийн шилдэг роботын гарааны компани” шагнал, мөн "NVidia's Early Stage Challenge" уралдаанд түрүүлж 100,000$ шагналуудыг гардан авчээ.

Тэгэхээр уг роботын эдийн засгийн үр ашиг, тоон үзүүлэлтийг нь сонирхоё, тус компанийн танилцуулгад нь дурдсанаар дэлхий дээр жилд 1.9 тэрбум тонн хог хаягдал үүсдэгээс 13%-ыг нь дахин боловсруулахаар ялган авч чаддаг байна. Үлдсэн 87% нь шатаагдах юм уу, шууд хаягддаг.

Ганц ширхэг ийм робот-гар нь 1ш хаягдал материалыг ~3 секундэд ялгах чадвартай ба жилд нийт 1.8 сая ширхэг хаягдал материал буюу 200 тонн хаягдалыг дамжлага дээрээс шүүн авч чадна. Энэ нь ойролцоогоор 100,000 еврогийн үнэ бүхий хаягдалыг хог болж шатахаас авч үлддэг гэнэ.


Өөрөөр хэлбэл, уг робот-гар нь камерийн тусламжтайгаар ундааны хуванцар сав, лааз гэх мэт дахин боловсруулагддаг хаягдал (хоёрдогч түүхий эд) материалуудыг хүнтэй адил түвшинд ялган таньж чаддаг компьютерийн хараа, хиймэл оюун ухаан, робот инженерчлэлийн технологийн дэвшлийг ашигласан гэсэн үг юм.

За муу мэдээ нь,

Хог хаягдал ялгагч хүмүүс

Манай нийслэл хотын Цагаан давааны хогийн цэг гэж байдаг ба тэнд сардаа 30 мянган тонн хог хаягддаг гэхээр жилд 260 мянган тонн хог хаягдана.


Өмнөх жишээнээс гол ялгаа нь энд хоёрдогч түүхий эд материалыг робот биш "нинжа" гэж нэрлэгдэх хүмүүс очиж түүн, ялгадаг байна. Хог хаягдлын менежмент нь тусдаа асуудал тул сөхсөнгүй, энд зөвхөн технологийн нүдээр харж байгааг ойлгож байгаа биз ээ. Мөн эдгээр хоёрдогч түүхий эдийг ялгаж хөдөлмөрлөж буй нинжа хүмүүсийг ч буруутгах гэсэнгүй. Харин ч нэгэнт хаягдаж байгаа зүйлсийг хүнд хэцүү орчин нөхцөлд, эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж авч үлдэн амьдралаа залгуулж байгаа нь сайн хэрэг.

Гол нь хог хаягдал ангилж буй дээрх хоёр гар (arm)-ын ялгааг харуулахаар хичээсэн болно. Тэд болон бидний ялгааны талаар ганцхан жишээ авахад ийм байна.

"Engineers turn dreams into reality" by Hayao Miyazaki



цааш унших...

Wednesday, September 02, 2015

Хэн нотлох юм? буюу Монголын интернэт дэх цензур

Манайд хошин урлаг нэлээд алдартай, олон үзэгчтэй. Тэдний оролцоогүй кино, реклам гэж бараг байхгүй дээ. Өнгөрсөн өвөл ТВгээр гарсан X-TUTS (Икс-ТҮЦ) продакшны "Өвлийн инээмсэглэл" гээд дугаарт Аглуу, Бархүү нарын тоглосон "хэн нотлох юм, нотариатаар батлуулаад аваад ир" гэдэг үг их мода болов. Уншигч та эргэн санаад нэг инээд алдчихсан бол яг энэн шиг үйл явдал монголын онлайн ертөнцөд саяхан болсон талаар дуулгая:


2008 оны хямралаас хойш монголын эдийн засаг огцом эрчтэй сайжирсны үр нөлөө нь харилцаа холбооны салбарт мөн туссанаар үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж хүн амын тооноос давав. Мөн УБ хотын орон сууцтай айл бүр интернэт, IPTV гурвалсан үйлчилгээ авч хавтгай зурагттай болж, бараг хүн бүр ухаалаг утастай болж амжив. Мэдээллийн технологийн хурд ч улам бүр түргэсэн хүмүүсийн амьдралын хэвшлийг эрс өөрчлөх нь хурдан боллоо. Жишээ нь, Facebook-д бүртгэлтэй монголын хэрэглэгчдийн тоо байна.

Гэвч 2013 оноос үеэс ам доллар ханш чангаран, ЭЗ хямарч эхлэснээр айл өрх, компаниуд хэмнэлтийн горимд шилжиж тансаг хэрэглээг танаж эхлэснээр бага зэрэг саарав бололтой.

2011 онд нэвтэрч эхлэсэн Юнивишн, Скаймедиа буюу IPTV-тэй гурвалсан үйлчилгээ нь 2 жилийн дотор айл өрхийн хэрэглээ болж чадсан ба ТВ үзэх уламжлалыг ч өөрчилсөн. Залхтал давтах реклам дундаас кино нэвтрүүлгүүд арай гэж цухуйхыг хүлээх биш рекламуудыг гүйлгээд алгасаад үзчихнэ. Видео сангаас сонгоод кино, контент түрээслэчихнэ. Өөрөөр хэлбэл хүссэн үедээ, хүссэн үзвэрээ үзэх шинэ хэлбэр.

Энэ IPTV дэвшилтэт технологийн дараачийн үе болох OTT (Over the Top) TV буюу интернэтээр ТВ дамжуулах технологийн шинэ үе 2012 оны үеэс хүчээ авч, дэлхий нийтийн хэрэглээ болж эхлэв. Тодруулбал, зөвхөн дажгүй хурдтай интернэттэй л байвал IPTV шиг нөхөж үзэх, видео сангаас үзвэр түрээслэх зэрэгтэй адил үйлчилгээг айл өрх, хувь хүмүүс авч ашиглана гэсэн үг. IPTV нь OTT-гээс ялгаатай нь айлд очиж буй интернэт урсгалаас тусдаа хаяглалттай сүлжээгээр дамжиж хүрдэг.

Бидний бүтээж, хөгжүүлж буй OnAir.mn нь энэхүү OTT TV үйлчилгээг монгол инженер хөгжүүлэгчид өөрсдөө системээ бүтээж, туршиж, нэвтрүүлэхээр чармайж буй нэг оролдлого юм. Мөн өмнөх IPTV системд байхгүй дутагдал болох mobile tv буюу гар утас, таблет дээр үзэх, мөн PC/Web дээрээс үзэх боломжийг нөхөхөөр хичээж байгаа.
Хамгийн гол нь контент бүтээгч болон тэдний үзэгч хэрэглэгч нарын хооронд үүсээд байгаа мэдээллийн технологиос хамаарсан орон зай, хүндрэлийг шийдэж, тэдгээрийг холбож өгдөг гүүр болох зорилготой.

Ингээд үндсэн систем дээр нэлээд удаан ажилласны дараа 2015 оны 2 сараас эхлэн туршилтын байдлаар нээн хэрэглэгчдэд хүрч эхлэв. 4 сарын эхнээс Юнивишны интернэт хэрэглэгчид OnAir.mn руу орж үзэж чадахгүй болсныг хэрэглэгчдийн гомдолоос олж мэдэв. Тэднийхээс ямар нэгэн албан шаардлага болон мэдэгдэл юу ч өгөлгүйгээр, Google Cloud дээр байрладаг манай веб сервер болон National Data Center, GemNet дээр байрладаг streaming server-ээс хэрэглэгч рүү явж буй урсгалыг bandwidth shaping хийжээ.
Бид 5 сарын үед APNIC -ээс өөрсдийн IP address хаяглалтаа авч MIX (Mongolian Internet Exchange) switch руу 10Gbps хурдаар өөрсдөө холбогдон серверүүдээ зөөн авч ирэв. Юнивишнээс удалгүй л өнөөх серверүүдийн маань шинэ IP хаягуудыг дахин блоклож орхив. Хэрэглэгчид бухимдсаар.
ХХЗХ, ШӨХТГ, Юнивишн гэсэн хамаарах газруудад албан тоот явуулан мэдэгдэв. Нааш цааш бөөн бичиг цаас одоо хүртэл явсаар л, Юнивишн яг үнэндээ Юнител булзсаар л. Яг өнөөх Аглуугийн хошин шог шиг "танайхыг хаасан гэсэн нотолгоо хаана байна, хэн нотлох юм? ХХЗХ, ШӨХТГ-гээр зуруулаад нотариатаар батлуулаад аваад ир", Хэхэ.

OnAir.mn уг нь дөнгөж эхлэж буй шинэхэн газар, цөөхөн хэрэглэгчтэй startup буюу гарааны жижигхэн л компани. Одоогоор нэг ч төгрөгний орлогогүй гээд л бод :)
Гэхдээ өөрсдийн интернэт хэрэглэгчдийнхээ эрх ашигт бүдүүлгээр халдан байж манай үйлчилгээний серверийг блоклон бидний хөдөлмөрийг "өндрөөр үнэлж" байгаад нь бас талархууштай ч юм шиг.

Зүйрлэвэл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани нь шуудан хүргэлтийн газартай адил зарчимтай. Хэрэглэгч, айл өрхөд гэр албан хаягаар нь илгээмж, шууданг нь бүрэн бүтэн хурдан шуурхай хүргэж өгнө. Интернэт сүлжээгээр өгөгдөл дамжихдаа яг л ийм илгээмж шиг packet буюу хэнд очихоо хаягласан багцуудад хуваагдан дэлхий даяарх сүлжээний замчлагч (router) төхөөрөмжүүдээр дамждаг.
OnAir.mn -ыг Юнивишн блоклоно гэдэг нь илгээгч нь OnAir.mn-ээс гэж хаяглагдсан тухайн хэрэглэгч айл өрхөд очих бүх шууданг ялгагч хэсэг дээр хянаад устгаад байна гэсэн үг. Манайх шуудангаа Скаймедиа зэрэг бусад шуудан илгээгчээр дамжуулбал очих хүндээ хүрээд байдаг, Юнивишнээр өгөөд явуулбал замдаа устчихна, эсвэл ихэнхи нь саатаж байгаад хагас жилийн дараа л очино.

Энэ асуудал нь наанаа зах зээл дээр давамгайлагч компани өөрсдийн шинэхэн өрсөлдөгчөөс давуу байдлаа ашиглан зах зээлээ хамгаалж буй юм шиг харагдавч цаад учир нь өөр дүр зураг бууна.
Монгол улс ардчилал, хүний эрхийг дээдлэдэг нийгмийг бүтээх замыг сонгоод 25-26 жил боллоо. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй. Цаашлавал хүн бүр хуульд зөвшөөрөгдсөн арга замаар мэдээлэл, мэдээллийн үйлчилгээг сонгон хүртэх эрхтэй.
Гэвч хэрэглэгч Юнивишны интернэттэй бол ингэж чадахгүй!
Айл өрх, хэрэглэгчдэд хүрч буй дэд бүтэц нь тухайн интернэт үйлчилгээ үзүүлэгчийн өмч мөн боловч түүгээр дамжих мэдээллийн урсгалд хэрэглэгчийн эрх, шудрага өрсөлдөөний хэм хэмжээнээс давж цензур, шүүртүүр хийх нь ардчилсан нийгэмд байх үзэгдэл, эрүүл хандлага яавч биш.

Яг ийм асуудлаар Өмнөд Солонгост Samsung, KT-г шүүхдээд ялсан байдаг. Мөн Америкт net neutrality хууль дуулиан тарьж байгаа.

Саяхан Монгол улсын бүх DNS гарцыг ХХЗХ хяналтандаа авч, гадны public DNS хандалтыг хааж байхад цаад учир холбогдолыг мэдэх цөөн хэдэн IT мэргэжилтэнүүд дор бүрнээ дуугараад хэдэн нийтлэл бичсэн. Хэн ч ойлгоогүй, жижигхэн юм шиг тэр асуудлын цаана нь юу нуугдаж байсныг дараа нь үүсэн асуудлаар та бүхэн мэдэж байгаа. Adult, Amjilt.mn зэрэг сайтуудаас эхлээд юуг үзэж болох, юуг харахыг чинь цензурддэг болсон.
Саяхан мөн хулгайн контент байрлуулсан гэдэг шалтгаанаар оросын VK олон нийтийн веб хандалтыг хаасан.
Арга нь зорилгоо зөвтгөхгүй гэдэг дээ.

OnAir.mn амжилтанд хүрч болно, эсвэл чадахгүй дампуурч ч болно. Тэр чухал биш. Угаас гарааны бизнест цөөхөн хэдхэн нь л амжилтанд хүрдэг.
Хамгийн чухал нь монголын ардчилсан нийгэмд цэвэр шудрага хэм хэмжээ тогтоогүй, энэ хэвээр байгаа цагт бидний ирээдүй тун ойлгомжтой: Төв ази дахь африк.

Ер нь монголд шудрага ёсны хэм хэмжээ алдагдсан гэдгийг хэн нотлох юм?



цааш унших...

Tuesday, March 25, 2014

Ухаалаг цагны үе эхлэж байна

Өмнөх нийтлэл дээр ухаалаг цагны үе эхлэж буй талаар товч дурдсанчлан энэ жил нэлээд хэд хэдэн том тоглогчид энэ төрлийн бүтээгдэхүүнийг гаргахаар зэхэж байна.


Энд LG компани G watch, Motorola компани Moto 360 гэсэн хоёр цагийг ойрын үед олон нийтэд худалдаалж эхлэнэ.

Google компани нь тун саяхан Android Wear гэсэн зүүж хэрэглэдэг төхөөрөмжид зориулсан Андройд системийн авсаархан хувилбарыг гаргаж эхлэсэн ба хөгжүүлэгчдэд зориулж Android Wear SDK-г удахгүй гаргахаар төлөвлөж байгаа, магадгүй энэ 6 сарын сүүлчээр болох Google I/O арга хэмжээн дээр танилцуулах байх.

G watch, Moto 360 хоёулаа энэ систем дээр бүтээгдэж байгаа ба миний хувьд Moto 360 нь илүү классик загвартай тул сонирхолтой санагдаж эхлээд байна.

G watch, LG


Moto 360, Motorola


2007, 2008 оны үед анх мобайл төхөөрөмжид зориулсан Андройд систем гарч эхлэснээр ухаалаг утас, таблетын зах зээлд томоохон өөрчлөлт, шинэ үеийг эхлүүлж чадсан бол энэ удаад Android Wear систем гарснаар ухаалаг цаг, бугуйвч зэрэг зүүдэг /wearable/ ухаалаг төхөөрөмжийн шинэ үеийг эхлэж байна.  Цаашид юу болохыг цаг хугацаа харуулна биз ээ.

Монголчуудын хувьд энэ бүхнийг урьдийн адил зүгээр харж, бусдын хийсэнг зүүж хэрэглэдэгээрээ бахархаж суудаг үе өнгөрч буй гэж найдаж байна. Цаг үе, нөхцөл байдал үргэлж л өөрчлөгдөж байдаг шүү дээ ;-)


цааш унших...

Thursday, March 03, 2011

Smart TV - Part 1: The Future of TV

Өмнөх IPTV болон GoogleTV бичлэгүүдээ амласан ёсоороо үргэлжлүүлж байна.

Smart буюу ухаалаг гэсэн үгс бас сүүлийн үед их мода болж байгаа биз? Хамгийн тод жишээ бол SmartPhone. Юугаараа ухаалаг утас болж байгааг надаар хэлүүлэлтгүй та бүхэн сайн мэдэх биз. Учир нь утас одоо халаасны компьютер бол ба техникийн хурдтай хөгжлийн явцад Мурын хуулийн дагуу компьютерийн эд ангиудын овор хэмжээ маш өчүүхэн жижиг буюу нанометрээр хэмжигдэх болж, тэр хэрээр хүчин чадал нь ихээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр өмнөх шигээ утасаар зөвхөн ярьж, текст мессеж бичих үндсэн хэрэглээнээс нь гадна 5m pixel camera ашиглан зураг авах, видео бичлэг хийх, FM сонсож, ТВ үзэх, дуу сонсох, видео үзэх, GPS ашиглан байршил тодорхойлж, Wi-Fi/3G сүлжээ ашиглан интернэтэд холбогдож, twitter/facebook гэх мэт social network ашиглан найз нөхөд бусадтайгаа онлайн харилцан гээд хэрэглээ тэлж байгаа болохоор "ухаалаг" гээд тодоруулаад байна л даа (энгийнээр хэлэхэд)
Тэгээд бас яг утас гэж хэлэхэд бас хэцүү, утастай зургийн апарат ч юм уу, утастай медиа тоглуулагч ч гэж болно л доо, хэхэ. Солонгосын нэг кино найруулагч зөвхөн iPhone4 камерийг ашиглаад бүрэн хэмжээний кино хийж байгаа гэхээр утас биш ч юм шиг, за за хадуурч байна, үндсэн яриандаа ороё.
ТВ тэгвэл бас "барьцаад" ухаалаг болж эхэллээ л гэж хэлэх байна. Өөрөөр хэлбэл ухаалаг утасны дээр дурдсан бүгд, дээр нь ТВ онцлог бүхий ухаалаг функц нэмээд ухаалаг ТВ-г төсөөлөөд үз дээ?

(энд TVset буюу таны зурагт, TV буюу телевиз (c1, tv5 ..), ухаалаг ТВ гэж internet-connected TV platform, HTPC (home theater PC) бүгдийг хэлж байгаа шүү)
Ухаалаг ТВ гэж юу вэ?
TVset+computer - Компьютер буюу set-top box ТВ-г ухаалаг болгоно.
Connectivity - Интернэт, интранэтэд холбогдоно.
Storage - Контент хадгалах хатуу дисктэй байна.
Applications - Хэрэглээний программын сан хөмрөг.
Social - Үзэгчдийн онлайн харилцааг үүсгэнэ.
Personal stuff - Хувийн буюу гэр бүлийн үзвэрийн сан
Parental control - Эцэг эхийн хяналт буюу хүүхдийн үзвэрийг хянах боломж
Watch later - Дараа үзэх буюу хүссэн үедээ үзвэр үзэх
Freedom - Жинхэнэ эрх чөлөө буюу та өөрөө ч ТВ суваг ажиллуулах боломж

гээд олон зүйлс давуу талтай. 

Уламжлалт буюу одоогийн бидний үзэж буй ТВ хэлбэр нь илт хоцрогдож эхлэсэн ба шинлэг болон нийгмийн соёлч давхаргийнхны шаардлагыг хангах нь улам бүр буурч байгаа:

Уламжлалт ТВ сул талууд
Мэдээллийн хараат байдал
Манай улс мэдээллийн хагас эрх чөлөөт буюу улс төрийнхний гарт хэвлэл мэдээлэл төвлөрдөг тул ТВ нэвтрүүлэг тэдний захиалгаар ихэнхидээ хийгддэг. Сонгуулийн үеэр энэ байдал бүр ихээр ажиглагдана.

Үзвэл одоо л үз
ТВ нэвтрүүлгийг яг гарч байх үед сахин сууж байж үзэх боломжтой тул дараа нөхөн үзэх боломжгүй

Дуу, дүрсний муу чанар
Манай ТВ сувгууд SD чанартайгаар цацдаг тул орчин үеийн тоон LCD том дэлгэц бүхий зурагт дээр үзэхэд тохиромжгүй.

Хэт их сурталчилгаа
Нэг цагийн кино үзэхийн тулд та бараг 2 цаг зарцуулах хэрэгтэй. Учир нь дунд нь 1 цаг гарангийн реклам үзэх хэрэг гарна. За сувгаа сольсонч гэсэн тухайн агшинд рекламгүй яваагүй өөр суваг бараг олдохгүй л болов уу.
За реклам яваагүй байсан ч дэлгэцний 3ны 1ийг бараг дүүргэх зурган, текст реклам зар доор нь гарч ирч анхаарал сарниулана.

ТВ салбарынхны хоцрогдол
ТВ хөтлөгч, сэтгүүлчийн боловсрол, ёс зүйгүй байдал хэрээс хэтэрсэн. ТВ хэт их арилжааны шинж чанартай болсон тул цаг нөхцөөс, зугаацах хэрэгцээнд илүү тохиромжтой болсноос биш үзэгчдэд боловсрол, мэдлэг олгох, танин мэдэхүйд нэмэр болох, гоо зүйн таашаал өгөх гэх мэт үүргээ умартсан гэмээр (Мэдээж бүгд биш, зарим нэг ТВ энэ үүргээ боломжийн биелүүлэлдэг, нэр дурдах шаардлаггүй болов уу)

Ухаалаг ТВ-ийн давуу талууд

TVset+computer - Компьютер буюу set-top box ТВ-г ухаалаг болгоно.
Энэ нь TVset буюу зурагт нь SRC, LCD, LED, Mirror TV гэх мэт дэлгэцийн олон төрлийн хэлбэртэй боловч дан ганц дэлгэцээс тогтох тул компьютер буюу STB (set-top box) нэмснээр ухаалаг болно. Зах зээл дээр AppleTV, GoogleTV, Boxee box гэх мэт олон STB болон үүнтэй адил бүтээгдэхүүн ширүүн өрсөлдөөнийг бий болгоно.

Connectivity - Интернэт, интранэтэд холбогдоно.
Интернэтэд холбогдсоноор наад зах нь бид ТВ дамжуулан skype ашиглан гэр бүл хоорондоо дүрст яриа хийх. Интернэт, торрентоос шинэ кино дуу үзвэр татаж авах, эргүүлээд бичлэгээ хуулах, ТВ хөтөлбөр татах авах гэх мэт давуу талтай. Өөрөөр хэлбэл ТВ одоо онлайн болсон. Youtube, Hulu, Vimeo гээд онлайн үзвэр олон бий. Мөн traffic cctv руу холбогдон замын түгжрэл харах, цаг агаар, валютийн ханш гээд хэлж барашгүй.

Storage - Кино дуу зураг гээд контент хадгалах хатуу дисктэй байна.
DVD, CD хогийн сав руу марш. Амархан зурагддаг энэ оптик дискнүүдийн үе дуусгавар болсон. Цахим хэлбэрээр нь үзвэрээ татаж авч хадгалаад хэзээ дуртай үедээ үзнэ. Хэдий чинээ том багтаамжтай хатуу дисктэй байна, төдий чинээ олон үзвэр хадгална. Хэдэн мянган кино, дуу цомог, фото зураг

Applications - Хэрэглээний программын сан хөмрөг.
ТВ сувгуудаар олигтой зүйл гарахгүй байна уу? КаТВ, IPTV сувгуудаа ухаад ч гэсэн үү? Тэгвэл ТВ программ сан руу орж дээ, ө.х. пицца захиалах, банкны дансаа шалгах, чатлах, түитр фэйсбүүкээ шалгах, имэйл бичих, ном сонин унших гээд янз бүрийн хэрэглээний хэдэн мянган программ байх болно. Яг л iPhone, Android application market шиг.

Social - Үзэгчдийн онлайн харилцааг үүсгэнэ.
ТВ одоо таныг "таньдаг" болсон, таны юу үзэж байгааг найзуудад чинь "ховлодог" болсон. Найзууд юу үзээд таалагдсан таалагдаагүйг та тэр дор нь мэдэж чадна. Түитер, фэйсбүүк таныг ТВ үзэж суухад чинь ч салахгүй нь дээ.

Personal stuff - Хувийн буюу гэр бүлийн үзвэрийн сан
Та кино болон дууны цомог цуглуулдаг бол ТВ дотроо хувийн цахим сангаа үүсгэж чадна. Дижитал камернийхаа фото зургуудаа ч хадгал, түүнийг чинь LCD зурагт таньд томоор сайхан үзүүлж чадна. Тэгээд хувийн фондоо зочиддоо ч сонирхуулж болно ш дээ. Таны зурагт одоо зургийн жааз, гэрийн кинотеатр, систем хөгжим л гэсэн үг.

Parental control - Эцэг эхийн хяналт буюу хүүхдийн үзвэрийг хянах боломж
Ухаалаг ТВ таны хүүхдийг элдэв аймшгийн, хэрцгий болон садар самуун зүйлс үзэх аюулаас ангижруулж чадна. Насанд хүрээгүй хүүхдийн сэтгэхгүйд эдгээр нь ноцтой хохирол учруулдаг тул гэртээ хүүхдээ тайван орхиж болно.

Watch later - Дараа үзэх буюу хүссэн үедээ үзвэр үзэх
Онлайн үзвэрээс та кино, тв шоу зэргийг хүссэн үедээ авч үзэж чадна. Мөн DVR (Digital Video Recorder) дэмждэг STB-той бол ТВ сувгуудаас хувьдаа бичлэг хийж авч чадна. Үүний тулд та заавал сувгаа солих шаардлага байхгүй, тв хөтөлбөрөөс бичлэг хийх цаг огноог сонгочиход ТВ үзэж суухад саад болохгүйгээр цаана бичлэг хийгдэнэ.

Freedom - Жинхэнэ эрх чөлөө буюу та өөрөө ч ТВ суваг ажиллуулах боломж
Одоо арилжааны хэдэн ТВ суваг, каТВ/IPTV цөөн суваг л үздэг цаг өнгөрсөн. Интернэтээс үзвэр үзэх боломж нь та өөрөө ч ТВ суваг ажиллуулах боломжийг олгоно. Яг л блог шиг, тиймээс видео блог ч хөтөлж болно шүү дээ. Google Adsense-ээр таны блог орлогождог байсан бол таны видео блог (хувь хүний тв суваг) чадахгүй гэж үү?

Товчоор хэлэхэд ухаалаг ТВ нь нийгэмд шинэ хэрэглээ, дадал, зах зээл, хэвшил уур амьсгалыг авчрах нь тодорхой. Аливаа зүйл сайн ч талтай, саар ч талтай байдгийн адил. Гэхдээ мэдээллийн хараат байдалд хүчтэй цохилт өгч чадах учир илүү их эерэг нөлөөлөл авчирна гэж таамаглаж байна.
ТВ үзэгчид одоо рекламтай хольсон mnb, tv5, tv9 ... гэсэн цөөхөн сонголттой цэс үзэхээ больж байна, интернэтийг тэр аяаар нь үздэг болж байна.


цааш унших...

blogger templates | Make Money Online