Wednesday, September 02, 2015

Хэн нотлох юм? буюу Монголын интернэт дэх цензур

Манайд хошин урлаг нэлээд алдартай, олон үзэгчтэй. Тэдний оролцоогүй кино, реклам гэж бараг байхгүй дээ. Өнгөрсөн өвөл ТВгээр гарсан X-TUTS (Икс-ТҮЦ) продакшны "Өвлийн инээмсэглэл" гээд дугаарт Аглуу, Бархүү нарын тоглосон "хэн нотлох юм, нотариатаар батлуулаад аваад ир" гэдэг үг их мода болов. Уншигч та эргэн санаад нэг инээд алдчихсан бол яг энэн шиг үйл явдал монголын онлайн ертөнцөд саяхан болсон талаар дуулгая:


2008 оны хямралаас хойш монголын эдийн засаг огцом эрчтэй сайжирсны үр нөлөө нь харилцаа холбооны салбарт мөн туссанаар үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж хүн амын тооноос давав. Мөн УБ хотын орон сууцтай айл бүр интернэт, IPTV гурвалсан үйлчилгээ авч хавтгай зурагттай болж, бараг хүн бүр ухаалаг утастай болж амжив. Мэдээллийн технологийн хурд ч улам бүр түргэсэн хүмүүсийн амьдралын хэвшлийг эрс өөрчлөх нь хурдан боллоо. Жишээ нь, Facebook-д бүртгэлтэй монголын хэрэглэгчдийн тоо байна.

Гэвч 2013 оноос үеэс ам доллар ханш чангаран, ЭЗ хямарч эхлэснээр айл өрх, компаниуд хэмнэлтийн горимд шилжиж тансаг хэрэглээг танаж эхлэснээр бага зэрэг саарав бололтой.

2011 онд нэвтэрч эхлэсэн Юнивишн, Скаймедиа буюу IPTV-тэй гурвалсан үйлчилгээ нь 2 жилийн дотор айл өрхийн хэрэглээ болж чадсан ба ТВ үзэх уламжлалыг ч өөрчилсөн. Залхтал давтах реклам дундаас кино нэвтрүүлгүүд арай гэж цухуйхыг хүлээх биш рекламуудыг гүйлгээд алгасаад үзчихнэ. Видео сангаас сонгоод кино, контент түрээслэчихнэ. Өөрөөр хэлбэл хүссэн үедээ, хүссэн үзвэрээ үзэх шинэ хэлбэр.

Энэ IPTV дэвшилтэт технологийн дараачийн үе болох OTT (Over the Top) TV буюу интернэтээр ТВ дамжуулах технологийн шинэ үе 2012 оны үеэс хүчээ авч, дэлхий нийтийн хэрэглээ болж эхлэв. Тодруулбал, зөвхөн дажгүй хурдтай интернэттэй л байвал IPTV шиг нөхөж үзэх, видео сангаас үзвэр түрээслэх зэрэгтэй адил үйлчилгээг айл өрх, хувь хүмүүс авч ашиглана гэсэн үг. IPTV нь OTT-гээс ялгаатай нь айлд очиж буй интернэт урсгалаас тусдаа хаяглалттай сүлжээгээр дамжиж хүрдэг.

Бидний бүтээж, хөгжүүлж буй OnAir.mn нь энэхүү OTT TV үйлчилгээг монгол инженер хөгжүүлэгчид өөрсдөө системээ бүтээж, туршиж, нэвтрүүлэхээр чармайж буй нэг оролдлого юм. Мөн өмнөх IPTV системд байхгүй дутагдал болох mobile tv буюу гар утас, таблет дээр үзэх, мөн PC/Web дээрээс үзэх боломжийг нөхөхөөр хичээж байгаа.
Хамгийн гол нь контент бүтээгч болон тэдний үзэгч хэрэглэгч нарын хооронд үүсээд байгаа мэдээллийн технологиос хамаарсан орон зай, хүндрэлийг шийдэж, тэдгээрийг холбож өгдөг гүүр болох зорилготой.

Ингээд үндсэн систем дээр нэлээд удаан ажилласны дараа 2015 оны 2 сараас эхлэн туршилтын байдлаар нээн хэрэглэгчдэд хүрч эхлэв. 4 сарын эхнээс Юнивишны интернэт хэрэглэгчид OnAir.mn руу орж үзэж чадахгүй болсныг хэрэглэгчдийн гомдолоос олж мэдэв. Тэднийхээс ямар нэгэн албан шаардлага болон мэдэгдэл юу ч өгөлгүйгээр, Google Cloud дээр байрладаг манай веб сервер болон National Data Center, GemNet дээр байрладаг streaming server-ээс хэрэглэгч рүү явж буй урсгалыг bandwidth shaping хийжээ.
Бид 5 сарын үед APNIC -ээс өөрсдийн IP address хаяглалтаа авч MIX (Mongolian Internet Exchange) switch руу 10Gbps хурдаар өөрсдөө холбогдон серверүүдээ зөөн авч ирэв. Юнивишнээс удалгүй л өнөөх серверүүдийн маань шинэ IP хаягуудыг дахин блоклож орхив. Хэрэглэгчид бухимдсаар.
ХХЗХ, ШӨХТГ, Юнивишн гэсэн хамаарах газруудад албан тоот явуулан мэдэгдэв. Нааш цааш бөөн бичиг цаас одоо хүртэл явсаар л, Юнивишн яг үнэндээ Юнител булзсаар л. Яг өнөөх Аглуугийн хошин шог шиг "танайхыг хаасан гэсэн нотолгоо хаана байна, хэн нотлох юм? ХХЗХ, ШӨХТГ-гээр зуруулаад нотариатаар батлуулаад аваад ир", Хэхэ.

OnAir.mn уг нь дөнгөж эхлэж буй шинэхэн газар, цөөхөн хэрэглэгчтэй startup буюу гарааны жижигхэн л компани. Одоогоор нэг ч төгрөгний орлогогүй гээд л бод :)
Гэхдээ өөрсдийн интернэт хэрэглэгчдийнхээ эрх ашигт бүдүүлгээр халдан байж манай үйлчилгээний серверийг блоклон бидний хөдөлмөрийг "өндрөөр үнэлж" байгаад нь бас талархууштай ч юм шиг.

Зүйрлэвэл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани нь шуудан хүргэлтийн газартай адил зарчимтай. Хэрэглэгч, айл өрхөд гэр албан хаягаар нь илгээмж, шууданг нь бүрэн бүтэн хурдан шуурхай хүргэж өгнө. Интернэт сүлжээгээр өгөгдөл дамжихдаа яг л ийм илгээмж шиг packet буюу хэнд очихоо хаягласан багцуудад хуваагдан дэлхий даяарх сүлжээний замчлагч (router) төхөөрөмжүүдээр дамждаг.
OnAir.mn -ыг Юнивишн блоклоно гэдэг нь илгээгч нь OnAir.mn-ээс гэж хаяглагдсан тухайн хэрэглэгч айл өрхөд очих бүх шууданг ялгагч хэсэг дээр хянаад устгаад байна гэсэн үг. Манайх шуудангаа Скаймедиа зэрэг бусад шуудан илгээгчээр дамжуулбал очих хүндээ хүрээд байдаг, Юнивишнээр өгөөд явуулбал замдаа устчихна, эсвэл ихэнхи нь саатаж байгаад хагас жилийн дараа л очино.

Энэ асуудал нь наанаа зах зээл дээр давамгайлагч компани өөрсдийн шинэхэн өрсөлдөгчөөс давуу байдлаа ашиглан зах зээлээ хамгаалж буй юм шиг харагдавч цаад учир нь өөр дүр зураг бууна.
Монгол улс ардчилал, хүний эрхийг дээдлэдэг нийгмийг бүтээх замыг сонгоод 25-26 жил боллоо. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй. Цаашлавал хүн бүр хуульд зөвшөөрөгдсөн арга замаар мэдээлэл, мэдээллийн үйлчилгээг сонгон хүртэх эрхтэй.
Гэвч хэрэглэгч Юнивишны интернэттэй бол ингэж чадахгүй!
Айл өрх, хэрэглэгчдэд хүрч буй дэд бүтэц нь тухайн интернэт үйлчилгээ үзүүлэгчийн өмч мөн боловч түүгээр дамжих мэдээллийн урсгалд хэрэглэгчийн эрх, шудрага өрсөлдөөний хэм хэмжээнээс давж цензур, шүүртүүр хийх нь ардчилсан нийгэмд байх үзэгдэл, эрүүл хандлага яавч биш.

Яг ийм асуудлаар Өмнөд Солонгост Samsung, KT-г шүүхдээд ялсан байдаг. Мөн Америкт net neutrality хууль дуулиан тарьж байгаа.

Саяхан Монгол улсын бүх DNS гарцыг ХХЗХ хяналтандаа авч, гадны public DNS хандалтыг хааж байхад цаад учир холбогдолыг мэдэх цөөн хэдэн IT мэргэжилтэнүүд дор бүрнээ дуугараад хэдэн нийтлэл бичсэн. Хэн ч ойлгоогүй, жижигхэн юм шиг тэр асуудлын цаана нь юу нуугдаж байсныг дараа нь үүсэн асуудлаар та бүхэн мэдэж байгаа. Adult, Amjilt.mn зэрэг сайтуудаас эхлээд юуг үзэж болох, юуг харахыг чинь цензурддэг болсон.
Саяхан мөн хулгайн контент байрлуулсан гэдэг шалтгаанаар оросын VK олон нийтийн веб хандалтыг хаасан.
Арга нь зорилгоо зөвтгөхгүй гэдэг дээ.

OnAir.mn амжилтанд хүрч болно, эсвэл чадахгүй дампуурч ч болно. Тэр чухал биш. Угаас гарааны бизнест цөөхөн хэдхэн нь л амжилтанд хүрдэг.
Хамгийн чухал нь монголын ардчилсан нийгэмд цэвэр шудрага хэм хэмжээ тогтоогүй, энэ хэвээр байгаа цагт бидний ирээдүй тун ойлгомжтой: Төв ази дахь африк.

Ер нь монголд шудрага ёсны хэм хэмжээ алдагдсан гэдгийг хэн нотлох юм?



цааш унших...

Tuesday, November 02, 2010

Монголд анхны IPTV оператор мэндэлжээ


За өнөөдөр "халуурснаараа" хэдэн блог нийтлэл бичээд "хадуурчихья". Шинэ ажлын босс дараачийн ажлаа өгөх арай болоогүй байгаа тул хэсэг зав гарчихлаа. 
MCSCom, Unitel, Skynetworks гээд томчууд нийлж ноднин IPTV хоёр лиценз гаргасны нэгийг нь авсан нь одоо Univsion гээд учир битүүлэг реклам ТВээр цацагдаж эхлэснээр та гадарлаж байгаа байх.

IPTV буюу Internet Protocol Television гэж юу вэ?
Wikipedia дээрх тодорхойлолт: IPTV is defined as multimedia services such as television/video/audio/text/graphics/data delivered over IP based networks managed to provide the required level of quality of service and experience, security, interactivity and reliability.
IP протокол бүхий сүлжээгээр дуу, дүрс болон бусад мультимедиа мэдээллийг дамжуулах технологийг хэлж байгаа. IPTV+VoIP+Internet Data үйлчилгээг хамтад нь хүргэж байгааг Triple-Play service гэж нэрлэдэг. Энэ бүхэн нь тийм ч огт мэдэхгүй шинэ зүйл биш бөгөөд тухайн оператор өөрийн мэдлийн өндөр хурдын хаалттай IP сүлжээгээр эдгээр төрлийн үйлчилгээг хамтат нь нэгдтгэж хүргэж буйгаараа л монголд өнөөдөр шинэ үйлчилгээнд тооцогдож байгаа биз ээ.
IPTV - (BBC Live channel, P2P TV ..)
VoD - (Hulu, Vimeo, Vudu, Youtube ..)
VoIP - (Skype, Yahoo Voice, Gtalk Voice ..) гээд интернэтээр дамжуулан хэн ч авах боломжтой ижил төрлийн үйлчилгээнүүдийг та мэднэ, хэрэглэдэг.

Давуу талууд юу вэ?
1рт дуу, дүрсний чанар. 42 инч гэх мэт том дэлгэцтэй зурагттай бол өнөөгийн ТВүүд ямар хөгийн муу дуу, дүрстэй гардагийг бид мэднэ. Зарим сувгууд моно буюу дан ганц L, R сувгийн аль нэгээр хааяа цацаж байдгийг чихэвч зүүхэд л мэдэх боломжтой. Тэгвэл гадаадын HD сувгуудыг үзэх боломжтой. Гэхдээ Монголын одоогийн ТВ бүгд SD чанартайгаар нэвтрүүлгээ цацдаг. (NewMongol суваг HD гэх боловч яг цацахдаа SD хэлбэрээр цацдаг байхаа?) Тиймээс ихэнхи SD зурагттай үзэгчдийн хувьд одоогийн аналог катв операторуудаас нэг их ялгараад байх зүйл бараг алга.

2рт VoD (Unicast stream). Video-on-Demand буюу IPTV үйчилгээний төвийн стрийм сервер дээрээс төлбөртэй кино, контент үзэх. HD-DVD, BlueRay диск тоглуулагчаас кино үзэхэд ямар сэтгэгдэл төрдөг билээ. Уламжлалт операторуудаас илүү гарах зүйл нь энэ two-way connection буюу VoD үйлчилгээгээр HD, BlueRay чанар бүхий кино, үзвэр үзэх л зүйл байгаа. Ямархуу төлбөртэй, үнэ ханштай байх талаар мэдээлэл одоогоор алга. Ихэнхи кино сонирхогчид bit torrent-оос dvdrip, blueray rip бичлэг татаж аваад laptop, HDMI холболтоор LCD TV рүүгээ залгаад үзчихдэг тул хэр борлогдохыг бүү мэд.

3рт 50-с олон суваг, HD channels (Multicast stream). Аналог катв операторууд үсрээд л 50 хүртэл SD суваг дамжуулдаг. Гэхдээ тэд SD форматаа сайжруулаад HD чанартай модуляторуудаар солиход асуудал ондоогоор эргэх болов уу. IPTV оператор IP сүлжээгээр multicast ашиглан дамжуулж буй тул үүнээс олон ТВ сувгийг дамжуулах боломжтой. HD чанартайгаар гоё гоё сувгууд гардаг бол гоё л доо. Тэр дундаа Supervision-c бусад катвээр олигтой гадаад суваг бараг байхгүй гэхэд болно.

4рт VAS, 3rd party applications. IPTV үзэхийн тулд STB (set-top box) авах хэрэгтэй. STB нь ихэнхдээ Intel Atom, ARM процессортой 8, 16bit архитектур бүхий embedded system ба ҮС нь ихэнхидээ алдарт linux байгаа. 32 битийн STB мэдээж бий. Өөрөөр хэлбэл STB нь компьютер тул түүн дээр программ хангамж суулгах боломжтой юм. IPTV Menu (ТВгээ асаагаад Video Input горимд орж STB руу шилжихэд асдаг цэс) дотроос эдгээр нэмэлт ПХ руу орох ба Games, Internet, Billing, T-Bank, T-Shop, T-Commerce, Live CCTV гээд ер юу ч байж болно. Гагцхүү тухайн оператор эдгээр ПХ бүтээсэн эсэх, эсвэл түүний API гарган 3дагч этгээдүүдэд хуваалцсан эсэхээс хамаарах биз ээ.

5рт Triple-play (VoIP + Internet). Тухайн оператор triple-play үйлчилгээг хамтад нь санал болгож буй бол гэртээ IP Phone, Internet connection зэргийг хамтад нь нэг л компаниас авчих боломжтой. Гэхдээ сүүлийн үед гэрийн суурин утас гэдэг зүйл яг үнэндээ байр сууриа үүрэн холбоо болон интернэт ярианы технологи (skype)-д тавьж өгч байгаа хойно, заавал авах шаардлагагүй л дээ.

цаашлавал (PVR, Picture-in-Picture, Live channel Pause, Re-play) гэх мэт олон давуу талууд бол бий. Тухайн оператор яг аль аль үйлчилгээг санал болгож байгаа нь одоогоор тодорхойгүй л байна. :)

Дутагдалтай талууд:
Суваг хоорондын шилжилт удаан. Стрийм үзэж байгаа учраас удирдлага дарагдах зуур сувгууд солигддоггүй, тодорхой хэсэг хүлээгддэг нь энэ технологийг нилээд том дутагдал байсан (одоо шийдэгдээд сайжирсан ч байж болох).

IP шугам тасарвал бүгд тасарна. Бүх дамжуулалт IP сүлжээгээр явж байгаа тул сүлжээ тасрахад утас, интернэт, ТВ сувгууд бүгд тасалдана.

Хэт нэг газраас хараат байдал. Манайхан болсон хойно үйлчилгээний төлбөрөө төлөлгүй хэсэг "луу унжлаа" гэхэд утас ч үгүй, интернэт ч үгүй, одоо бүүр зурагт ч үгүй болохнээ, хаха. Гэхдээ мэдээж үйлчилгээг гаргаж буй маркетингийнхэн нь урьдчилсан болон дараах төлбөрт гээд баахан карт гаргах байлгүй.

Эцэст нь хэлэхэд УБд шинэ үйлчилгээ нэгээр нэмэгдэх нь үзэгчид арай цэвэрхэн гоё тод дүрстэйгээр ТВ үздэг болох нь, сайн хэрэг. Гэхдээ л нэг хэсэг IPTV is future of TV гэж байсан бол одоо бол үгүй юм. Миний бодлоор ТВ-ийн ирээдүй бол техникийн шинэчлэл, дамжуулах технологийн шинэчлэл зөвхөн биш. ТВ ирээдүйг Гүүгл зарласан, ТВ ирээдүй  гэжзөвхөн цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн гарт төлвөрөхдөө бус хэн бүхэнд нээлттэй Интернэтээр дамжуулагдах үзэл санаандаа байгаа юм. Internet TV is future of TV! I love GoogleTV :D Энэ тухай удахгүй үргэлжлүүлье


цааш унших...

blogger templates | Make Money Online