Wednesday, February 04, 2009

Хэрхэн хөгжүүлэгч болох вэ. 2-р хэсэг

Өмнөх хэсэгт нилээд техникийн чанартай зүйл бичсэн. Энэ удаад хувийн зохион байгуулалттай холбоотой зүйлс бичье. Ямарваа зүйлс цэгцтэй, тодорхой дэг журамтай байснаар амжилтанд хүрэх нь илүү, адаглаад л алдах зүйл үгүй.
Гэхдээ энд прогаммлалын зохих мэдлэгтэй буюу алгоритм, программчлалын хэлүүд үзсэн, компьютерийн хэрэглээ, зохих гадаад хэлний мэдлэгтэй гэж тооцсон үндсэн дээр бичиж байгаа. Түүнээс бус шууд тэгээс буюу мэдээллийн технологид анхлан суралцагчыг шууд хөгжүүлэгч болгох тухай биш гэдгийг анхаараарай. Хэрэвзээ тэгнэ гэвэл бараг их сургуульд үздэг хичээлүүдийг бичих болно буй за. ;) Мөхөс миний энэ ядмаг бичлэг нь практик амьдралд буюу төсгөөд ажилд гарч буй "шинэ дайчдыг" хөгжүүлэгч болоход туслах гэсэн хувь хүний бяцхан зөвлөгөө төдий зүйл болно.

Хөгжүүлэгч хүнд байх ёстой чанарууд

1. Мэргэжилдээ дур сонирхолтой байх
Мэдээж дургүйд хүчгүй гэгчээр өөрт сонирхолгүй ажил хийж байгаа гэж бодож байгаа бол өөрт юу таалагддаг, юуг хийх нь надад болоод бусдад хэрэгтэй вэ гээд нэг удаа сайтар бодоод үзэхэд гэмгүй. Тэгээд үнэхээр хийж байгаа ажил тань таньд таалагдахгүй байгаа бол сольж болох юм. Жишээ нь би датабэйс программ боловсруулдаг хэсэгт байгаад надад веб хөгжүүлэлт таалагдаад байвал сольж яагаад болохгүй гэж

2. 10 хуруугаараа хурдан шивдэг байх
Энэ чадвар заавал байх ёстой. Хэдий сайн хөгжүүлэгч байлаа ч 2, 3 хуруугаараа тон тон хийлгээд байвал бүтээмж бас л багасана. Англи Монгол гээд аль ч хэл дээр гараа харахгүйгээр чөлөөтэй бичиж сурах хэрэгтэй. Type Fast төрлийн монгол гадаад гээд янз бүрийн хурдан бичих дасгалын програмууд бий. Аль таалагдсанаа олж аваад өдөрт 1-2 цаг нүдээд байх хэрэгтэй. 2 сарын дараа та сайн бичдэг болчихно.

3. Сур сур бас дахин сур
Мэргэжилийн чиглэлээрээ сайн номыг hard copy, soft copy аль ч хувилбараар нь хамаагүй олж аваад уншиж судлаж байх. Энэ таны суурь мэдлэг сайжирахад туслана. Хом уншиж, судлах янз бүрийн л арга байдаг. Гүйлгээд гүйлгээд харсныхаа дараа өөрт хэрэгтэй хэсгээ тогтож унших эсвэл эхнээс нь аваад дуустал анхааралтай унших гэх мэт аргууд бий, өөрт тохирохоор л судлаад байхад болно. Манай их дээд сургуульд хангалттай суурь мэдлэг тавьж өгдөггүйгээс ч болдог юмуу, амьдрал дээр гараад илүү ихийг уншиж, илүү ихээр суралцах шаардлага гарна. Угаас программист/хөгжүүлэгч нарын том том зузаан зузаан номнуудыг бусад салбарынхан хараад гайхаж цочирдох нь их бий. Гэхдээ энэ бүхнээс шантрана гэж юу байхав, хэрэгтэйгээ л уншихад болно.

4. Асуухаас бүү зүрхшээ, гэхдээ ухаалагаар асуу.
Хүн бүхнийг мэддэг чаддаг хэвээр төрөх нь үгүй. Хүн бүр ямар нэг зүйлд байнга л суралцаж байдаг. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал, шинэ технологи, шинэ мэдээ мэдээлэл, элдэв хүндрэл бэрхшээл зэргийг асуухаас бүү зүрхшээ. Жишээ нь, чамаас илүү туршлагатай хөгжүүлэгч чамаас гитарыг яаж ингэж сайн тоглож сурсаныг чинь асууна, эсвэл хоолыг яаж ингэж амттай хийдэг юм гээд ч асууж болно ш дээ. Тийм болохоор цаад хүндээ түвэг удаагүй бол, цаад хүн уриалгахан хариулж байвал асуухаасаа бүү нэрэхлээрэй.
Гэхдээ өөрөө хөдөлмөрлөөд олчих техникийн болон харьцангуй хялбар зүйлсийг асуухаасаа аль болох татгалз. Хүмүүс ихэвчлэн тухайн асуудлын талаар өөрийн хувийн бодлоо, эсвэл яагаад энэ асуудал проблем гардаг талаар, эсвэл үнэхээр хүнд асуудлыг яаж мундаг шийдсэнээ гэх мэт зүйлст хариулах их дуртай байдаг талтай. Хэрхэн ухаалгаар асуулт тавих вэ гээд энэ зөвлөгөөг уншаад тунгаачих шаардлагатай.

5. Интернэт холболтоо түр салга
Яг идэвхтэй, анхаарлаа төвлөрүүлж ажиллахын тулд Intant Messenger -үүдээ түр зуур салгаж холбоогоо таслачих хэрэгтэй. Нөгөө яг онгод орсон сууж байх үед гэнэт найз охиноос чинь Маргааш миний төрсөн өдөр гэсэн мессеж хүрээд ирвэл яах юм, хэхэ, юун нөгөө код бичих, төрсөн өдрөөр яаж сюрприз барих тухай өөрийн эрхгүй бодогдоод эхлэх жишээтэй. Хэдийгээр мессенжерүүд их ажлыг амжуулж өгдөг ч, тэр хэмжээгээрээ үнэт цагаас чинь зулгаагаад байдаг.

6. Хөгжим сонсохоо ч түр азна
Мөн л яг идэвхтэй ажиллах үедээ хөгжим сонсохоо азнаад ав. Учир нь бас л онгодынхоо үедээ өөртөө таалагдаагүй дуугаа сольж өөр дуу тавих гээд winamp, itunes эдэрүүгээ орох хэрэг гарна. Анхаарал чинь сулрахын л нэмэр, дээр нь завсаргүй 8 цаг дуу сонсоход завсаргүй 16 цаг ажилласан юм шиг бие чинь сулараад, ядраад эхлэнэ.
Дуу хөгжимөө ачаалал багатай, механик голдуу ажил хийж байхдаа эсвэл чөлөөтэй нээт ухаж, блог бичих гэх мэт үедээ сонсоорой. Хааяа нэг дуртай дуугаа сонсоход харин ч урам зориг сэргэдэг.

7. Гарын авлага болон Гүүглэ ах
Элдэв шинэ түүл, шинэ программ хэрэгсэл ашиглаж эхлэх, шинэ технологи, аргачлал суралцах гээд унших зүйлс зөндөө тохиолдоно. Тэр бүгд өөр өөрийн гарын авлага, зааваруудтай, Readme, Howto, Documentation, User Guide, Installation Guide, Troubleshooting гээд цааш урсана. Бүгдийг нь уншина гэвэл бас л их цаг орно, их тэвчээр ч орно. Тийм болохоор яг хэрэгтэйгээ уншаад явчихвал цагаа хэмнэнэ. Бусдыг нь дараа унших зайлшгүй шаардлага гарвал сөхөөд харчихаж л болно шүү дээ.
Гэхдээ бас зарим зүйлсийг дээрхи материалуудаас хайгаад олохгүй үе таарна. Учир нь хөгжүүлэгчид компьютерийн бүхий л архитектур, бүхий л сан гээд бүгдийг туршиж шалгаж зүгшрүүлж амжаагүй байх зэрэг тохиолдолд тэгээд гүүглэ/google ахаасаа манай хавтгай болчихсон дэлхийн бөмбөрцөг дээр надтай адил асуудал учирсан өөр бусад нөхдүүд яаж шийдсэнийг асуух хэрэгтэй. Түлхүүр үг хайх аргаа сайн сонговол ихэнхи тохиолдолд хариултаа олчихоод л байдаг шүү.

8. Мэйл бүлгэм, форум зэрэгт элс.
Өөрийн ажилладаг чиглэл, сурч буй технологийн чиглэлээр төрөлжсөн google group, yahoo group, forum зэрэгт элсээд тэдэнтэй үзэл бодол, тулгарч байгаа бэрхшээл зэргээр харилцан мэдээлэл солилцоод байх их зүгээр. Энэ хорвоо дээр чи ганцаараа биш шүү дээ. Таньд тулгарч байгаа бол тэдэнд ч бас тулгарч л байгаа гэсэн үг.

9. Тэмдэглэл, блог хөтлө
Тэгэхээр бичиж буй кодондоо сайтар тайлбар, тэмдэглэл хийж бай гэж туршлагатай хөгжүүлэгчид үргэлж хэлдэг. Яагаад гэвэл цаг хугацаа урсаад л өнгөрдөг. Аливаа зүйлийг маргааш гэж хойш тавих дэмий, цагийн юм цагтаа, өнгөрсөн цаг хугацаа эргэж олдохгүй гэдэг туйлаас үнэн үг. Өнөөдөр бид уг асуудлыг мартаагүй байгаа учраас бидэнд ойлгомжтой байдаг ч дараа өөр асуудалтай зууралдаад мартчихсан байхад яагаад ийм процедур, хувьсагч зарласнаа санах гэж цаг гарздана, хамаг кодоо эргүүлж тойруулж унших хэрэг гарна.
Ямар нэгэн хүндрэлтэй асуудлыг хэрхэн яаж шийдсэн, яагаад тийм асуудал гарсан зэргийг тусдаа тэмдэглэл дээр хөтлөөд явах ч дажгүй. Бидний мэргэжил үнэлгээ өндөртэй ч нүдний харааг муутгаж, санамжийг маань мартамхай болгож орхидог. Ойр зуурын зүйлсийг мартчихдаг болчихдог.
Блог хөтлөөд явах нь дээрхтэй адил талтай ч онцлог нь таны тэмдэглэлийг хүмүүс уншаад, таньд баярлалаа гэж хэлэх болно. Өөрөөр хэлбэл зөвхөн өөртөө зориулж биш бусдад зориулж бичдэгээрээ блог давуу.

10. Мэдлэг, туршлагаа бусадтай хуваалц, бусдад зааж сурга.
Өгсөн мөртлөө үгүйрдэггүй зүйл юу вэ? Инээмсэглэл, бас мэдлэг.
Мэдлэг, туршлага хоёр юугаараа ялгаатай вэ? Мэдлэг нь та бусдаас сураад, номноос уншаад, сургуульд заалгаад дүн тавиулаад гарч ирснийг хэлнэ.
Туршлага бол таньд хэн ч зааж өгөөгүй, зөвхөн та өөрөө амьдралын туршид олж мэдсэн мэдлэгийг туршлага гэнэ гэж хаа нэгтээгээс уншиж байсан.
Өөрийн мэддэг, чаддаг зүйлсээ бусдад зааж өг, таниас туршлагагүй нэгэн таниас асуувал хариулж өгөөрэй. Таньд тэр хүн баярлах нь лавтай бөгөөд таны мэдлэг улам батжиж, удаан мартагдана. Үг, өгүүлбэр гэдэг их хүчтэй бөгөөд үгээр илэрхийлэгдэхийн өмнө заавал толгойд боловсруулагдаад гардаг. Тиймээс л батжиж таньд илүү удаан үлдэнэ.

За өнөөдөртөө ингээд дуусгая. Дараагийн бичлэгээр уулзацгаая.



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

3 Comments:

Өнөржаргал said...

Удахгүй ажил дээр гарах оюутан бидэнд их үнэтэй зөвлөгөө өгч байгаа танд маш их баярлалаа. Үргэлжлэлийг нь хүлээж байя :)

Anonymous said...

Хэрэгтэй зөвлөгөө өгсөнд Баярлалаа!

Anonymous said...

Баярлалаа хэрэгтэй зөвлөгөө байна :)

blogger templates | Make Money Online