Friday, March 04, 2011

Smart TV - Part 3: HTPC Projects review

Home Theater PC (HTPC) буюу Гэрийн Театр Компьютер гэдэг нь ерөнхийдөө HDTV зурагтад залган хөгжим, кино, фото зургийн сан үүсгэн хадгалж, эдгээр локаль эх үүсвэрээс тоглуулах, онлайнаар үзвэр үзэх, зарим ТВ чиглэлийг түлхүү дагнасан төслүүд нь DVR буюу бичлэг хийх, тв тюнер карт ашиглан олон сувгийн тоон тв үзэх хэрэглээнд зориулсан, зарим нь тодорхой нэг техник төхөөрөмжийн онцлогт тохируулагдсан (Xbox, ATV гэх мэт), программ хангамжийн нээлттэй төсөл болон бизнесийн бүтээгдэхүүн байдаг.
Гэртээ HDTV зурагтаа жинхэнэ утгаар нь ашиглаад ирэхээр DVD/VCD тоглуулагчийн үе үүгээр дуусч байна даа. Манайд ч HDTV харьцангуй хямдарч, өргөн сонголттой болсон байх.

Бизнесийн бүтээгдэхүүнд Windows Media Center, TiVo, Beyond TV гэх мэт 
Нээлттэй эх бүхий төслүүд нь MythTV, GeeXboX, LinuxMCE, SageTV, MediaPortal, XBMC, Boxee гэх мэт нилээд олон бий.


1. Windows Media Center
Ихэнхи хүмүүс энэ нэрийг харсан байх, гэхдээ тэр бүр ямар учиртайг нь мэддэггүй л болов уу. Windows Vista системээс эхлэн хэрэглэгчдэд үнэгүй дагалдуулан өгдөг болсон нь зах зээл дээр давуу байдал үүсгэх бодлого байх гэхдээ энэ нь бүтээгүй, хүмүүс хэрэглэдэггүй.
Мөн л HDTV руу Windows системтэй компьютерээ холбоод, локаль систем дээрх локаль кино, хөгжим гээд үзвэрүүдээ үзэх, онлайнаар үзвэр үзэх боломжтой. Мөн нэмэлт төхөөрөмж залгаад ТВ олон суваг үзэж ч болдог байх.
http://www.microsoft.com/windows/windows-media-center/


TiVo, Beyond TV, MythTV, GeeXboX, LinuxMCE, SageTV эдэрийг алгаслаа, зарим нь сайн хөгжөөгүй, заримыг нь монголд ашиглах боломжгүй.


2. XBMC
Xbox тоглоомын төхөөрөмжийг HTPC болгон ашиглахаар анх 2003 онд эхлэсэн нээлттэй эх код бүхий төсөл. Одоо windows, unix, linux, macos, ios гээд олон систем дээр ажиллах чаддаг болсон. Маш олон медиа файл формат, протокол дэмждэг ба энэ төслөөс хэд хэдэн төсөл салбарлан гарч амжилттай хөгжиж байгаа ба энд 9x9CloudTV, Boxee, Plex гээд олныг дурдаж болно. 9x9CloudTV нь peer-to-peer хэлбэрээр интернэт тв дамжуулах талаар, Boxee нь twitter/facebook гэх мэт social network талаар, Plex нь зөвхөн iDevices буюу Apple төхөөрөмж дээр ажилладагаараа онцлогтой. Эдгээр нь бизнесийн ажиллагаа явуулдаг ба үндсэн XBMC төсөлдөө санхүүгийн хандив, туслалцаа үзүүлж ивээн тэтгэдэг байна.

Зах зээлд хэд хэдэн ТВ нэвтрүүлэгчид болон цахим бараа үйлдвэрлэгчид өөрсдийн брэнд төхөөрөмж бүтээгдэхүүнийг XBMC суулган "Powered by XBMC" гэсэн лого, зөвшөөрөлтэйгээр худалдаанд гаргаж эхлээд байгаа гэнэ.
XBMC нь DRM хамгаалалт бүхий файл болон DVD диск зэргийг тоглуулж чадахгүй, мөн ТВ тюнер дэмдэггүй тул тв-гээс бичлэг хийдэггүй. Үндсэн код нь C++ хэл дээр, нэмэлт plugin хэсгийг python хэл дээр хөгжүүлэх боломжтой. Өөрийн гараар өөрт тохирох зүйлээ урлах дуртай бол энэ төсөл яг тохирно :)
 XBMC Aeon Skin:
http://xbmc.org/


3. MediaPortal

XBMC төслөөс 2004 онд салбарлаж гарсан ба Windows систем дээр DVR болон олон сувгийн тоон тв хүлээн авах хэрэглээнд зориулан C# хэл дээр бичигдсэн нээлттэй эх код бүхий төсөл. Тоон телевизийн DVB-S/S2/C/T дамжуулах стандарт, аналог тв, DVB Radio, DVB EPG (Электрон ТВ хөтөлбөр), телетекст гэх мэт тв стандартуудыг дэмждэг.
МедиаПорталыг тв тюнер картайгаар, тоон катв сувагтай хослуулан ашиглахад их тохиромжтой, тун дажгүй боловч ганцхан Windows систем дээр ажиллах боломжтой нь харамсалтай. (DirectShow, DirectX, .NET Framework ашиглаж хийсэн тул Линукс дээр ажиллуулахын тулд Intel VT дэмждэг процессор дээр KVM виртуаль орчинд юм уу Wine симулятор ашиглан суулгах боломжтой ч энгийн хэрэглэгчдийн хувьд энэ нь хэт түвэгтэй ажил)
http://www.team-mediaportal.com

4. Boxee
XBMC төслийн сайн талууд дээр social network нэмснээр Boxee төрсөн. Гэхдээ зарим эх код хаалттай байдаг, ялангуяа social network хэсэг. Boxee нь суулгахад хялбар, linux/windows/mac os гээд олон систем дээр ажиллах чадвартай, мөн уг boxee программыг суулгасан хэд хэдэн ухаалаг тв хайрцаг худалдаанд гарсан, D-Link Boxee box, Omega TV, Myka ION, NUU player.
Гэсэн хэдий ч Boxee-г HDMI/S-Video/VGA гаралттай зөөврийн болон ширээний компьютер ашиглаад HDTV болон аналог зурагт руу залган ашиглаж ч болно. 
Тэгэхээр таньд удирдлага хэрэгтэй. iPod/iPhone, Android утас байгаа бол гэрийнхээ wi-fi сүлжээг ашиглан Boxee/XBMC удирдах янзтай (удирдлагаа хайж зовохгүй).
Локаль хатуу диск дээрээ хэд л бол хэдэн кино, дуу хадгалж, хэдэн зуун нэмэлт программ, онлайн эх үүсвэрээс сонголт хийнэ. Торрентоос кино татна, гэрийнхээ сүлжээн дэхь бусад компьютерийн shared folder-оос кино үзэж болно, мөн FTP/HTTP/UPnP дээрээс эсвэл USB зөөврийн хард дискээс ч үзвэр үзэж, хуулж авч чадна.
Товчоор хэлэхэд хэрэглэгчдэд хамгийн их эрх чөлөө, тухтай хэрэглээг өгч байгаа ба хүсвэл интерфэйсийг монгол хэлээрээ орчуулж, нэмэлт программ бичиж ашиглаж ч болно. Гэхдээ XBMC/Boxee тв тюнер дэмждэггүй тул шууд ТВ суваг үзэх, бичлэг хийх зэрэг функц одоогоор байхгүй.
http://www.boxee.tv


За өнөөдөртөө ингээд өндөрлөе. Хэрвээ таньд сонирхолтой санагдсан бол өөрийн хэрэглэдэг Boxee хэрэглээний талаар дэлгэрэнгүй бичье.



Бичлэг таалагдсан бол сурталчилгаан дээр +1 дарж тус хүргээрэй ;)

1 Comment:

Anonymous said...

Сайн байна уу. Би iomega tv with boxee юмуу тэр төрлийн эд сонирхож байгаа юм л даа. Гол нь S-video оролт байхгүй. Хувиргагч хэрэглээд кабелын тв-гээ залгаад үзэх боломжтой болов уу.

blogger templates | Make Money Online